Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ дэлгүүр орохын тулд заавал хотын төв рүү чихэлддэггүй байх төлөвлөлтийг тусгана
Барилга, Хот Байгуулалтын Яам (БХБЯ)-наас гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл хийв.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ "Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бий.
Энэхүү төлөвлөгөөнд анхаарал татаж буй асуудал нь гэр хороолол. Зургаан дэд төвд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийнэ.
Тодруулбал Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Шархад, Орбит зэрэг байршилд дэд төв байгуулснаар иргэд нь хотын төв рүү орж ирэхээргүй үйлчилгээ, ажлын байрыг бий болгох арга хэмжээг авна.
Орон сууцжуулахаас гадна дээрх үйл ажиллагааг бий болгох нь чухал. Дэлгүүр орохын тулд заавал хотын төв рүү чихэлддэггүй байх төлөвлөлтийг тусгана.
Дэд төвүүдийн ажлыг ирэх намраас эхлүүлнэ. Зарим зураглал гарсан, нарийвчилсан барилгын зураглалыг хийж эхэлнэ. Ийм төлөвлөлтийн дагуу зургаан дэд төв гэр хороололд хөгжинө" хэмээв.
Мөн "Цаашдаа тэлэх байршлууд байна. Нэгдүгээр хорооллын ард тал, Ард Аюушийн өргөн чөлөө, Содон хороолол буюу Таван шар чиглэлийн зам ирэх оны зургаадугаар сард ашиглалтад орно. Энэ дагуу гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэнэ.
Нэгдүгээр хорооллын ард талыг өөрчилнө. Хэрхэн, яаж барилгажуулах талаарх зураглалуудыг хийнэ. Мөн 3, 4 дүгээр хорооллын ард тал, Дэнжийн мянга чиглэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийнэ. Үүний дараагийн ажил бол Сэлбэ сэргэлт зам. Дарь эх, Чингэлтэй дүүрэг, 100 айл чиглэлд гэр хорооллуудыг яаж өөрчлөх вэ гэдэг төлөвлөлтийг хийгээд явж байна.
Гэр хороололд барилгажилтаас гадна үйлчилгээний төв, ажлын байр, үйлдвэр үйлчилгээг бий болгоно гэсэн үг. Сэлбэ зам бол Дамбадаржаагаас ТЭЦ-4-ийн урд тал хүртэл үргэлжлэх зам. Энэ жил Дамбадаржаагаас 100 айлын гүүр хүртэлх замыг барьж байгуулна.
Мөн Хөшигийн хөндийн төлөвлөлтийн ажил хийгдэж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ