Н.Бумцэнд: Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэх 952 хүсэлт ирсэн. Долдугаар сарын 5-нд зөвшөөрлийг олгоно
Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 630 зөвшөөрөл олгох бөгөөд ААН, иргэдийн хүсэлтийг 2023 оны зургаадугаар сарын 28-30-ны хооронд цахимаар авсан.
Уг зөвшөөрлийг хэзээ олгох, хэдэн ААН, иргэн хүсэлт ирүүлсэн, ямар шаардлага тавигдах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа.
Тэрбээр "Үндэсний их баяр наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэхээр 952 ААН, иргэнээс хүсэлт ирсэн. Дүүргүүд эдгээр хүсэлт гаргасан иргэн, ААН-ийн баримт бичгийг хянаад долдугаар сарын 5-ны дотор хариугаа гаргана. Сонгон шалгарсан иргэн, ААН-д долдугаар сарын 6,7-нд сургалт явуулж, заавар өгнө.
Хүй долоо худагт хоол үйлдвэрлэл явуулах иргэн, ААН-д гэр барих шаардлага тавьж байгаа. Харин явуулын хоол, зайрмаг үйлдвэрлэл болон хүнсний бараан, гар урлал зэрэг худалдаа асартай байна.
Сонгон шалгаруулалт хийхдээ тухайн дүүрэгт бүртгэлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН байх шаардлагыг тавьсан бөгөөд бүрдүүлсэн баримт бичиг, хүсэлт илгээсэн хугацааг харгалзан зөвшөөрөл олгоно.
Жишээлбэл нэг дүүрэгт 50 зөвшөөрөл олгох квоттой байлаа гэхэд 70 хүсэлт ирсэн байвал баримт бичгийн бүрдүүлэлт болон хүсэлт илгээсэн хугацааг харж, 20 хүсэлт хасагдана гэсэн үг.
Урд жилүүдэд хуушуур хийж байсан зэрэгт давуу байдал олгоно гэж удирдамжид заагаагүй.
Хоол үйлдвэрлэлд зөвхөн ААН-ийн, хүнсний болон хүнсний бус худалдаанд иргэн, ААН-ийн аль алиных нь хүсэлтийг авсан.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зөвшөөрөл олгох бөгөөд нэг дүүрэгт байршил, талбайн хэмжээнээс хамаараад 50-100 зөвшөөрөл оногдож байгаа.
Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэхэд нийт худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 630 зөвшөөрөл олгох юм" хэмээн хэллээ.
Наадмаар Төв цэнгэлдэхэд:
- Баянзүрх дүүргийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-25 асар
- Хан-Уул дүүргийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -55 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-23 асар
- Чингэлтэй дүүргийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа -25 асар
- Жуулчдад зориулсан цахим үйлчилгээ -10 асар
- “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ -12 асар
Хүй долоон худагт:
- Сонгинохайрхан дүүргийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-80 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-20 асар
- Баянгол дүүргийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
- Сүхбаатар дүүргийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
- “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-5 асар ажиллах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ