Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок бараалхав. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хамтран зохион байгуулж, тус уулзалтад оролцож байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Монгол Улс нь ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үзэн, харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг ахиулж Стратегийн түншлэлд хүргэхийг чухалчилж байгааг онцлов.
Мөн Холбооны Ерөнхийлөгч Ф.В. Штайнмайерт мэндчилгээ уламжлахыг хүсэж, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг нотлов. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд А.Бербок, Холбооны Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах, өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.
2024 онд тохиох Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг өргөн хүрээнд тэмдэглэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч, бүх талын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн.
Бараалхалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Эх сурвалж: President.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ