Ж.Чинбүрэн: Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг батлахдаа компаниудын нөлөөнд автдаг эсэхийг хянана
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын өргөн мэдүүлсэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан тус төслийн санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу УИХ өөрөө хянан шалгах үйл ажиллагаа явуулдаг том субьект болсон. Тиймээс хүний эмийн зах зээл иргэдэд ээлтэй эсэх, төрийн худалдан авалт, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг батлахдаа компаниудын нөлөөнд автдаг эсэхийг хянадаг байх хэрэгтэй. Тиймээс тус түр хороог байгуулж байгаа юм.
Түүнчлэн, эрүүл мэндийн салбарт мөнгөний эргэлтийн чухал байр суурийг эзэлдэг эмийн худалдаа болон зайлшгүй эмийн жагсаалт батлахал монополь болон олигополи тогтолцоог дэмжсэн бүтэц байна уу гэдгийг түр хороо судална.
Зайлшгүй шаардлагатай, чанартай эмийг хямд үнээр, нэг цонхоос авах боломжийг судлах, бий болгох зорилгоор Эмийн агентлагийг байгуулсан. Тус агентлагийн үйл ажиллагааг ч мөн хянана. Түүнчлэн улсын эмнэлгүүдийн тендерийн үйл ажиллагаа үнэн зөв, хуулийн дагуу бодитоор явж байгаа эсэхийг судлах үүрэгтэй" гэлээ.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, үр нөлөөний асуудлаар шалгалт хийн, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ