Хурдан морь шүдлэх явцыг камержуулж,шууд дамжуулна
Улсын баяр наадмаар хурдан морьдын уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг хэлэхдээ "Хурдан морины уралдааныг бид Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байгаа.
Долдугаар сарын 10, 11, 12-нд зургаан насны морьд уралдах бол 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацахаар бэлдсэн. Долдугаар сарын 1-нээс Морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй наадмын талбайд байрлан ажиллаж эхэлнэ. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзээд уралдааны замыг баяр наадам дөхүүлж байж засахаар төлөвлөж байна" гэлээ.
Тэгвэл тухайн унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай гэдгийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан онцолж байв.
Тэрбээр "Манай байгууллагаас хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхийг хамгаалах талаар хяналт тавьж ажилладаг. Хурдан морины унаач хүүхдүүдийг бүртгэхдээ бид дөрвөн шаардлага тавьдаг. Тухайлбал унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах, эцэг эх, асран хамгаалагчтай нь гэрээ хийх шаардлагатай.
Мөн энэ гэрээг нотариатаар баталгаажуулан авчрахыг уяачдаас шаарддаг. Тиймээс энэ шаардлагыг харгалзаарай, мөн и-монголиа хуудсаар нэвтэрч, гэрээг цахимаар баталгаажуулах боломжтой.
Энэ шаардлагыг хангаагүйгээс бүртгэл удаашрах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдүүдийн эцэг эх рүү нэг бүрчлэн залгах зэрэг хүндрэл учирдаг. Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй бол бүртгэхгүй.
Манай байгууллага эдгээр мэдээлэл, гэрээг нягталж бүртгээд тусгай карт олгоно. Бариан дээр энэ картаар унаач хүүхэд мөн, бишийг нягтлан шалгах юм.
Түүнээс гадна унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хувцас хэрэглэлийн стандартыг хангасан байх ёстой. Уралдааны дүрэмд харшилсан эд хэрэгслүүдийг ашиглуулахыг хориглоно" хэмээн ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ