Ж.Чинбүрэн:Бид өсвөр үе, залуусаа үндэсний бахархал болсон Монгол хэл, Монгол сэтгэлгээгээр дамжуулж, хөгжүүлнэ. Бид ойрын улс төр хийж болохгүй.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэн баталлаа. Тус хуулинд англи хэлийг 3-р ангиас нь үзнэ гэх заалтыг хуульчлах эсэх асуудал маргаантай сэдэв хэвээр байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын гишүүд англи хэлийг багаас нь заахыг хуульчилснаар Монгол хэл, сэтгэлгээ устах аюултай гэж үзэж буй. Тиймээс ч хуулинд тусгахгүй, хөтөлбөртөө тусгаад явах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн чуулган дээр хэлсэн үгийг онцлон хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Бид 200 жил Манжийн дарангуйлалд байхдаа үндсэн гадаад хэл Манж хэл гэж сонгоогүй, 70 жиийн ОХУ-ын хараат байхдаа орос хэлийг үндсэн хэлээ болгоогүй. Монгол хүний зүрх сэтгэлд байдаг энэ эх оронч сэтгэлийг бид хар хайрцагны бодлого гэж яриа байгаа юм.
Тэртээд тархан суурьшсан монголчууд бид хилийн захын айл, өрх бүр нь эх орныхоо хилээ хамгаалдаг сэтгэлгээг хар хайрцагны бодлого гээд байгаа юм. Түүнээс битгий хар хайрцаг хайгаарай. Монгол хүний зүрх сэгэлд байдаг сэтгэлгээ хар хайрцагны бодлого юм.
Нөгөө талаасаа бид хэл, соёлоороо Монгол Улсаа өдий зэрэгтээ авч яваа юм. Дэлхий дахинаа тархан суурьшсан 15 сая монголчууд байна. Түүний гал голомт бол Монгол Улс. Өнөөдөр Монголчууд бид хэлтэй байгаад, мал ахуйгаа хөгжүүлснээрээ монгол соёл оршин тогтнож байна. Зөвхөн англи хэл сурахыг болиулах гэж байна гэдэг өнцгөөс та бүхэн битгий яриач. Энэ зааланд сууж байгаа бүх гишүүд монгол хүүхэд бүрийг англи хэлтэй болгохын төлөө сууж байгаа юм. "Үгүй" гэж хэлэх хүн энд байхгүй. Үндэсний боловсролын бодлогод нь тусгаад, хамгаалж өгөөд байхад заавал хуульчлах гээд байгаа нь ямар зорилготой вэ? Үүнийг би харин асуумаар байна.
"ОХУ-ыг дагаад байна" гээд байна. Үгүй. Бидний өвөг дээдэс тэднийг хүчирхэг, эзэрхий байх үед нь Монгол хэлээ алдахгүйн тулд орос хэлний тулгалтыг бичгээ крилл болгож, үндсэн хэлээ авч үлдэж, чадсан.
Тийм учраас бид өсвөр үе, залуусаа үндэсний бахархал болсон Монгол хэл, Монгол сэтгэлгээгээр дамжуулж, хөгжүүлнэ. Бид ойрын улс төр хийж болохгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД