“Гол, усны хамгийн эрсдэлтэй бүсүүд дээр камер байршуулсан, орох гэж оролдвол цагаан хоолойгоор сануулна”

Нийслэлийн онцгой байдлын газар (НОБГ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хамтран гол, усны ослын эрсдэл, нөхцөл байдал түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эрсдэлгүй аялал-эндэлгүй зун” аяныг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн жил “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг өрнүүлсний үр дүнд гол усны дуудлага 17.7 хувиар буурчээ.

Аяны хүрээнд гол усны хамгийн их хүн орж амь насаа алддаг эрсдэлт газрууд дээр 360 градусаар хянадаг хяналтын камеруудыг байршуулжээ.

Хяналтын камерыг НОБГ, Нийслэлийн аврах анги дээр хянах ба эрсдэлтэй бүс рүү орох үед нь цагаан хоолойгоор сануулах, аврах бүлэг, завьт хөдөлгөөнт эргүүлийг аваачих ажлыг зохион байгуулахаар болсон байна.

НОБГ-ын завьт хөдөлгөөнт эргүүл 10:00-21:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд он гарснаас хойш 100 орчим хүн гол усанд орж эндэхээс авран хамгаалжээ.

"ГОЛЫН ЭРГЭЭС 50-100 МЕТРТ МАЙХНАА БАЙРЛУУЛАХ, ХИЙЛДЭГ ЗАВЬ, ГУДАС ЗЭРГИЙГ УРСГАЛ УСАНД АШИГЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ"

Иргэд аялж зугаалахдаа юунд анхаарах талаар НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Иргэд амарч зугаалахдаа голын эргээс 50-100 метрт майхан отгоо байгуулах. Нэг нэгнээ бүртгэж хяналттай байх хэрэгтэй. Түүнчлэн тогтмол ус, голын ус хоёр ялгаатай байдаг. Тогтмол усанд хийлдэг завь, гудас, бусад тоглоом зэргийг ашиглаж болдог. Харин урсгал усанд байдаг хайрга, чулуу, бургас зэргээс болж хийлдэг тоглоом маш амархан гэмтэх эрсдэлтэй тул ашиглаж болохгүй. 

Түүнчлэн голын урсгал усанд хийлдэг завь, тоглоомыг ашиглахыг хориглосон. Ашигласан тохиолдолд торгууль болон зөрлийн арга хэмжээ авдаг" гэлээ. 

НЭМҮТ-ийн гэмтэл, осол аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Г.Сэлэнгийн мэдээлснээр хүн 20-30 секундийн дотор буюу маш хурдан хугацаанд живдэг бөгөөд нийт 0-18 насны хүүхдүүдийн осол гэмтлийн тэргүүлэх эхний таван шалтгаанд усанд живэлт ордог байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ