АЙЛЧЛАЛ: Төмөр зам, УЦС-ын төслүүдийн ажлыг 2023 онд багтаан шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд санал нэгдэв.

 

Эдгээр төсөлд хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдлээ.

 

 

Ерөнхий сайд нарын хэлэлцээний хүрээнд яригдсан асуудлаар Засгийн газар хоорондын комисс ажиллаж, дэд ажлын хэсгүүд байгуулахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал маргааш буюу зургаадугаар сарын 29-нд Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форум, “Welcome to Mongolia” зэрэг арга хэмжээгээр үргэлжилнэ. Мөн тус улсын нэр бүхий томоохон компанийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээ хийнэ.

Хоёр улсын Засгийн газар хот төлөвлөлт болон шинжлэх ухаан, технологийн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, ногоон хөгжил, зам тээвэр, төрийн өмчит компанийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд санал нэгдэж, санамж бичигт гарын үзэг зурав. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хэрэгжүүлж буй айлчлалын хүрээнд 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав. 

1.   “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд Ли Шяопөн нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын тээврийн салбарыг хөхиүлэн дэмжиж, харилцан уялдаатай, хөнгөвчилсөн нөхцөлөөр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн төрлүүдийн уялдаа холбоог хангах, хоёр улсын тээвэрлэгч нарт гуравдагч улс руу болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх шинэ боломж бүрдэж байна.

Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн харилцааны голлох салбар болох тээврийн салбарын хамтын ажиллагааг ийнхүү эрчимжүүлснээр гадаад худалдааны суурийг бэхжүүлж, олон төрөлт тээврийн гарцыг бий болгох ач холбогдолтой аж. 

2.    “Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Худалдааны сайд Ванг Вентао нар гарын үсэг зурлаа.

Талууд хооронд 2018 онд байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгаж, улмаар төслийн хүрээнд талууд мазаалайн амьдрах орчныг сайжруулах, мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэх, Монгол Улсын говийн мазаалайг хамгаалахад чиглэсэн судалгааг илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хийх боломж бүрдлээ.

3.    “Төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, зохицуулалтын хорооны дарга Жан Юйзуо нар гарын үсэг зурлаа.

Төрийн өмчит компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хэрэгжилт, технологийн инновац зэрэг чиглэлээр туршлага солилцох, төрийн өмчит компаниудын хооронд олон салбарт харилцан ашигтай, бодитой хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичиг юм.

4.   “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад угаасан ноос, ноолуур экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол” болон “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад нядалгааны зориулалттай хонь, ямааг экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлгийн эрүүл мэндийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурлаа.

Хоёр улсын Гаалийн ерөнхий газар хоорондын уг баримт бичгүүд нь энэ салбарын өмнөх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, тэр дундаа мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын үйл ажиллагааг харилцан уялдаатай, хөнгөлөлттэй бөгөөд шуурхай, олон улсын стандартад нийцсэн нөхцөлөөр явуулах эрх зүйн үндсийг бий болголоо.

5.    “Хамтран ажиллах тухай Монголын хөрөнгийн бирж, Шанхайн Хөрөнгийн Бирж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, БНХАУ-ын Шанхайн хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Цай Жяньчүнь нар гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хурал, семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ