Мах экспортлоход 50 гаруй давхардсан бичиг баримт бүрдүүлдэг байсныг 15 болгожээ

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махыг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийг судалж, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, мах, махан бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн экспортын нэг цонхны системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.  

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуйн бирж зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, тухайн байгууллагуудын мэдээллийн системүүдийг хөдөө аж ахуйн экспортын нэг цонхны системд нэгтгэсэн.

Энэхүү системийг нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, экспортлогч аж ахуй нэгжүүдэд тулгардаг бэрхшээлийг арилгах, цаг хугацаа, зардал мөнгийг бууруулах, экспортын гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгаж, төрийн хүнд суртлыг бууруулж цахимаар шийдэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдаа холбоо сайжрах ач холбогдолтой. Тухайлбал мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 316 цаг буюу 13 хоногийг 96 цаг буюу 4 хоног хүртэл багасаж байна.

Системийг туршилтын 2 сарын хугацаанд нийт 71 компанийн бүртгэлийг үүсгэсэн ба үүнээс 29 компани экспортын эрхтэй төлөөлөх хүнээ сонгон оролцуулснаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн “ЭКСПОРТЫН НЭГ ЦОНХНЫ СИСТЕМ”- ын үйл ажиллагаа 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн нэвтрэхэд бэлэн болоод байна.

No description available.

“Экспортын нэг цонхны систем”-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлож байгаа ч цаашид хөдөө аж ахуйн биржээр арилждаг бүтээгдэхүүний нэр төрөл болох ноолуур, ноос, арьс шир, тосны ургамал зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүх бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг НЭГ ЦОНХНЫ СИСТЕМ-д нэвтрүүлэх юм. Мөн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр нэн шаардлагатай 10 гаран үйлчилгээнээс ноос, ноолуурыг нэмэхээр бэлтгэл хангасан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ