Махны экспортын гэрчилгээг нэг цонхны цахим системд нэвтрүүлнэ

Мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан бичиг баримт бүрдүүлэхэд 13 хоног зарцуулдаг байсан бол цахимд шилжсэнээр дөрөв хоног зарцуулна.

Махны экспортын гэрчилгээг нэг цонхны цахим системд нэвтрүүлж эхэлснийг  МҮХАҮТ мэдээллээ. Ингэснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох эрх бүхий байгууллагууд уялдаа холбоотой ажиллах, баримт бичиг бүрдүүлэлтийн шат дамжлагыг бууруулж, давхардлыг арилгах зэрэг боломж бүрдэж байгааг онцоллоо. Тодруулбал: мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан бичиг баримт бүрдүүлэхэд 13 хоног зарцуулдаг байсан бол цахимд шилжсэнээр дөрөв хоногт зарцуулах юм.

Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний 90 гаруй хувийг БНХАУ экспортолдог. Одоогоор БНХАУ руу экспортлох зөвшөөрөл авсан 19 компани бий. Харин экспортын зөвшөөрөл авах хүсэлтэй 60 гаруй үйлдвэр байгаа  аж. Энэ үйлдвэрүүдээс 16 нь БНХАУ руу хүсэлтээ цахимаар илэрхийлсэн ч зөвхөн хоёр үйлдвэр нь хүсэлтээ бүртгүүлж чадсан гэж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн онцлов.

Экспортын нэг цонхны системд одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа хамрагдаж байгаа ч Хөдөө аж ахуйн биржээр арилждаг ноолуур, ноос, арьс шир, тосны ургамал зэрэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг энэ ондоо багтаан шат дараалалтайгаар нэмэхээр ажиллаж байна гэж Хөдөө аж ахуйн биржээс онцолж байлаа. Тухайлбал: нэн шаардлагатай нэмэх 10 гаруй үйлчилгээ байгаагаас ноос, ноолуурыг нэмэхээр процессын судалгаа хийгдээд дууссан ба энэ оны намар нэмэгдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ