"Дархан төмөрлөгийн үйлдвэр" 15.2 тэрбумын ашигтай ажиллаж, цалингийн дундажийг 2.8 сая болгожээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.06.23/ Дархан төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит компанид ажиллалаа.
Энэ үеэр "Дархан төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит компанийн захирал Г.Дугаржав үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Дархан төмөрлөгийн үйлдвэр нь 2022 оны дөрөвдүгээр сараас 2023 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд 35948 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 29426 тонныг борлуулсан. Одоогоор 11615 тонн ган бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байна. Ган бүтээгдэхүүний үлдэгдлийн 8000 гаруй тонн нь арматур. Мөн 1.3 сая тонн төмрийн баяжмал үйлдвэрлэснээс 409 мянган тонн баяжмал экспортод гаргасан. Одоо 3.8 сая тонн баяжмал байгаа.
Мөн энэ хугацаанд 151.8 тэрбум төгрөгийн орлого олсон бол 125.3 тэрбум төгрөгийн зардал гарган ажиллаж байна. Төр өмчөө эргүүлэн авсан тэр мөчөөс эхний дөрвөн сард -1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаад долдугаар сараас уул уурхайн үйлдвэрлэл, наймдугаар сараас гангийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн бол арваннэгдүгээр сард экспортоо хийснээр цэвэр ашиг орлого тогтвортой өссөн. Энэ оны эхний таван сарын байдлаар 15.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ бол татварын дараах тайлан юм.
Үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 1.5 сая байсан бол 2.8 сая болж, өссөн. Сул зогсолт цөөн байгаа. Үндсэн цалинг 58 хувиар, ажилласан жилийн нэмэгдлийг хоёр дахин, нөхцөлийн нэмэгдэл 50 хувь, шөнийн цагийн ажлын нэмэгдлийг 8 хувь, урамшуулалт цалинг 10 хувиар тус, тус нэмсэн. Дээрх арга хэмжээг авснаар дундаж цалин 2.8 са төгрөгт хүрсэн байгаа.
Мөн 2023 онд төсөвт 9,9 тэрбум төгрөг, Дархан-Уул аймгийн төсөвт 6.6 тэрбум. НДШ-д 5 тэрбум төгрөг. ХХОАТ-аар 1.5 тэрбум төгрөгийг Хонгор сумын татварт төлсөн. ААНОАТ-аар 2.1 тэрбум төгрөг төлсөн. Бусад татвараар 1.3 тэрбум төгрөг төлсөн нь Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хуваагдаж очно.
Үйлдвэр төрд ирсэнээс хойш бүх худалдан авалтыг нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулж байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн 95 иргэнээс 800 сая төгрөгийн худалдан авалт хийсэн. Хаягдал төмөр болон бусад зүйл худалдан авсан. Түүнчлэн 174 аж ахуйн нэгж 6.7 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагаандаа оролцсон. Боловсруулах жижиг үйлдвэрүүд 1 жилийн хугацаанд 7.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж 269 субьекттэй харилцсан.
Ажил хийхэд тодоорхой бас хүндрэлүүд учирч байгаа” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ