Монголбанк, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Монголбанк, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, нар 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус санамж бичгийн хүрээнд санхүүгийн боловсролын сургагч багш нарыг бэлтгэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт санхүүгийн мэдлэг олгох агуулгыг нэвтрүүлэх, сонгон судлах хичээлийн хүртээмжийг дээшлүүлэх, байгууллагуудын сургалт мэдээллийн цагт санхүүгийн мэдлэг олгох сургалтын арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгаад байна.
Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож “Санхүүгийн боловсрол-орон нутгийн оролцоо” хэлэлцүүлэг, сургагч багш бэлтгэх сургалтуудыг энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр Өмнөговь аймгийн төлөөллөөс өөрийн онцлог шинж байдалд тулгуурласан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх тухай байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, санхүүгийн боловсролыг түгээж ажиллах жишиг аймаг болох, үүнд орон нутаг дахь ерөнхий боловсролын 22 сургуулийн хөтөлбөрт цахим болон танхимаар “Бизнес судлал хичээл”-ийг судлуулах, түншлэл буюу байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, уул уурхайн компаниудад ээлжийн ажилтай гэр бүлийн ар гэрээ даан үлдэж буй хүүхдүүдэд зориулсан өрхийн санхүүгээ удирдахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийх зэрэг олон санаачилгуудыг дэвшүүллээ.
Мөн үеэр Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн эдийн засагч, мэргэжилтнүүд сургагч багш бэлтгэх сургалтуудыг амжилттай зохион байгуулж, сургалтад Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 36 сурагч, 15 сумын ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсрол төвийн 33 багш, сурган хүмүүжүүлэгч, төрийн байгууллагын 33 ажилтан албан хаагч хамрагдаж, нийт 102 төгсөгч батламж гардан авлаа.
Цаашид санхүүгийн боловсрол олгох сургагч багш нар нь олж авсан мэдлэг туршлагадаа үндэслэн орон нутгийн хүүхэд залуучууд, иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлэх бөгөөд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Өмнөговь аймаг дахь Монголбанкны хэлтэс болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ