Л.Энх-Амгалан: Англи хэлийг гуравдугаар ангиас нь заана гээд үндэснийхээ хөтөлбөрт оруулчихсан байгаа

Боловсролын ерөнхий хуулийг УИХ хэлэлцэж байна. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Боловсролын ерөнхий хуулийг ганцхан Англи хэлний асуудалтай холбож, хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан болгоод дуусгаж болохгүй. Энэ хууль бол тогтолцооны шинэчлэл. Сургууль, цэцэрлэгийн засаглалыг улстөрчдийн гараас ангижруулж, мэргэжлийн тогтолцоо руу шилжүүлж байгаа юм.

Боловсролын чанарыг өнөөдрийн түвшинд хүргэсэн хуурамч үнэлгээ дүнгийн тогтолцоог энэ хуулиар халж байгаа. Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, сайн багш хамгийн өндөр цалин авах боломжийг бүрдүүлж байна. Сургалтын хөтөлбөрөө шинэчилж байгаа юм. Хамгийн багадаа 10-12 жилийн тогтвортой хөтөлбөр хэрэгжүүлдэг болох эрх зүйн баталгааг бий болгож байгаа. Хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгаж, цахим шилжилтийг бий болгож байна. Таван шинэчлэл хийж байгааг ойлгох хэрэгтэй. Хүүхэд бүрд багаас нь Англи хэлний чанартай боловсрол олгох гэж байгаа бол энэ хуулийг эрт батлах нь Монголын ирээдүйд ач тустай. 

Тоглоом тоотой нь дээр. УИХ-ын гишүүд хуулиа уншдаггүй. Тийм болохоор нэгдүгээр ангиас нь Англи хэл заах боллоо, гуравдугаар ангиас нь заах гэж байсныг болиуллаа гээд иргэдийг бухимдуулаад байх юм. Ийм хувийн аминчхан улс төрийн тоглолт хийж болохгүй. Аль улсын хууль дээр ямар хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар тусгасан байдаг вэ? Бид үндэснийхээ хөтөлбөр дээр Англи хэлийг гуравдугаар ангиас нь заана, Англи хэл анхдагч гадаад хэл байна гээд заагаад өгчихсөн байна. Сурагчдад гуравдугаар ангиас нь мэдээлэл технологи, Англи хэлний хичээлийг дэлхийн түвшинд хүрсэн шилдэг платформоор заана гэдэг хөтөлбөрийг батлаад явж байгаа. 

Бидэнд тунхаглал чухал юм уу. Хүүхдүүдэд хичээлээ олон улсын хөтөлбөрийн түвшинд үзэх боломж олгох нь чухал юм уу? Боловсролын хуулийг үүнээс цааш хоцроож болохгүй. Хоёр жил гаруй хэлэлцлээ. Өөр яах юм бэ?" хэмээв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ