Монгол Улсын дансны дугаарлалтын стандартыг SWIFT байгууллагын IBAN жагсаалтад бүртгүүлсэн тухай
Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд их дүнтэй төлбөрийн Банксүлжээ систем болон бага дүнтэй төлбөрийн системийг шинэчлэх ажлууд хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор банкууд өөрсдийн харилцагчдын дансны дугаарлалтыг олон улсын IBAN стандарттай нийцүүлэн хөрвүүлж, банк хоорондын төлбөрийн системээр дамжуулж байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А-66 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны дугаарыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэхүү шинэ стандартын дагуу хөрвүүлж дуусгахыг банк, төлбөрийн системийн нийт оролцогчдод үүрэг болгосон бөгөөд ингэснээр ирэх оны 11 дүгээр сараас эхлэн нийт Монгол Улсын иргэд зөвхөн шинэ дансны дугаарыг ашиглаж эхлэх юм.
Мөн Монголбанкны зүгээс Олон улсын банк санхүүгийн сүлжээ (SWIFT) байгууллагаас ISO 13616 стандартыг хангасан дансны IBAN дугаарыг нийтэлдэг жагсаалтад (IBAN Registry)-д Монгол Улсыг 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор бүртгүүллээ. Энэхүү жагсаалтад бүртгүүлснээр Монгол Улсын IBAN дансны дугаарлалтын үндсэн бүтэц нь олон улсын стандартыг хангасныг илэрхийлэхээс гадна тус дансаар гүйлгээ хийх, хүлээн авах байгууллагуудад лавлагааны эх сурвалж болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ