ЖДҮХС-ААС 36 АЖ АХУЙН НЭГЖИД 6.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөглөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өчигдөр /2023.06.21/ болж, Улаанбаатар хотод тэргүүн ээлжинд санхүүжүүлэх нийт 6.953.861.850 төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 36 төслийг шалгаруулллаа.

Харин 1.364.031.107 төгрөгийн зээлийн хүсэлт бүхий зургаан төслийг дараагийн ээлжинд буюу, санхүүжилтийн эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийтдээ гурван шатны сонгон шалгаруулалтад орж тунаж үлдсэн 43 аж ахуйн нэгж 8.6 тэрбум төгрөгийн төслөө өчигдөр дөрөв дэх шатны буюу хамгийн сүүлийн шатны сонгон шалгаруулалтад өөрийн биеэр танилцуулсан юм.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын баталсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сараас 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авсан.

Нийт 96,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 655 аж ахуйн нэгж төслөө баталгаажуулснаас Улаанбаатар хотод 38,3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирүүлсэн.

Төсөл сонгон шалгаруулалтын хорооны хуралд төслөө танилцуулсан бизнес эрхлэгчид хурлын явцад сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байв. Тухайлбал, хурлын танхимаас Жижиг, дунд үйлдвэрийн газрын цахим хуудсаар дамжуулан хурлын үйл ажиллагааг эхлээд дуусах хүртэл хугацаанд шууд дамжуулан үзэх боломжийг олон нийтэд олгож байгаа нь эргэлзээ, үл итгэх байдлыг арилгаж байна хэмээн дурдсан.

Тайлбар байхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ