АНУ-ын Номхон далайн арми олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх Хааны эрэлд сургуулийн 2023 оны нээлтийг Монголд хийлээ
“Хааны эрэлд 2023” сургуулийн нээлтийн ёслолоор АНУ-ын Номхон далайн армийн албан хаагчид Номхон далайн бүс нутгаас ирсэн албан хаагчидтай мөр зэрэгцэх завшаан тохиолоо. Нээлтийн ёслол зургаадугаар сарын 19-нд Улаанбаатар хотын гадна байрлах Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон юм.
“Хааны эрэлд 2023” команд штабын сургуулилтад төвлөрөх бөгөөд чадавхыг нэмэгдүүлэх сургалт болон хээрийн сургуулилт мөн орно. Энэхүү сургуулийн амин сүнс нь энхийг сахиулах, тогтвортой байдлыг бэхжүүлэх үйл ажиллагаанд чиглэдэг бөгөөд энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Монгол Улс, АНУ, үндэстэн дамнасан зэвсэгт хүчнүүд хамтран ажиллах чадвар, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд оршдог билээ.
АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч генерал, АНУ-ын армийн хошууч генерал Крис Смит хэлсэн үгэндээ “Хааны эрэлд сургуулийн ач холбогдлыг үндсэн зорилгоос нь харж болно. Сургуулиар энхийг сахиулах бэлтгэл сургуулилт хийж ирээдүйн НҮБ-ын энхийг сахиулагчдыг бэлтгэхээс гадна энх тайвныг дэмжих үйл ажиллагааны чадавх, харилцан ажиллах чадварыг хөгжүүлдэг.” гэж онцлов.
“Энэхүү бэлтгэл сургуулилт нь жишээ сургамж, арга техникээ харилцан суралцах сайхан боломж төдийгүй оролцогч улсууд НҮБ-ын дүрмээр хүлээсэн үүрэг амлалтаа илэрхийлж буй болно. НҮБ-ын дүрмийн салшгүй хэсэг нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах явдал билээ. Энхийг сахиулах үйл ажиллагаа дэлхий даяар шаардлагатай үүргээ мөрдөн биелүүлсээр байгаа.”
Энэ жилийн сургуульд 26 орон оролцож байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин Австрали, Канад, Франц, Герман, Япон, БНСУ, Турк, Филиппин зэрэг бусад орны цэргийн албан хаагчдыг оролцохыг урьсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг баримталсаар ирсэн. Тус сургууль нь оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа” гэж тэмдэглэв.
14 хоног үргэлжлэх энэхүү сургууль нь АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтарч Монгол Улсын Зэвсэгт хүчин жил бүр тогтмол зохион байгуулдаг олон улсын цуврал сургуулилт юм. Хааны эрэлд 2023 нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой цуврал сургуулилтын нэг хэсэг болж байна. Анхны сургуулилтын арга хэмжээ хийж эхэлснээс 20 дахь удаагаа давтаж хийж байгаа нь энэ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ