Монгол, Оросын хамтарсан чөлөөт бүс байгуулах талаар хэлэлцэв

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр /2023.06.19/ УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Монгол Улс ОХУ-ын стратегийн хамгийн чухал түнш гэдгийг тодотгоод, хоёр улсын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Ковидын цар тахлын үед ч, олон улсын харилцааны ээдрээ төвөгтэй цаг үед ч хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамж хадгалагдаж, харилцан айлчилж байгаа нь хоёр орны харилцааны түвшинг илтгэн харуулж байна хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол, Оросын сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр, Монгол Улсаас ОХУ руу ноос, ноолуур, мах, махан болон арьс, ширэн бүтээгдэхүүнийг экспортлоход тавигддаг импортын тарифыг тэглэх, тарифын бус саад тотгорыг бууруулах чиглэлээр Талууд идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгаа ч харилцан ойлголцолд хүрэхгүй байгааг онцоллоо.

Уулзалт хэлэлцээний үеэр хоёр улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд тарифын болон тарифын бус хязгаарлалтыг бууруулах, хоёр улсын хамтарсан чөлөөт бүс байгуулах болон бусад арга замаар худалдааны тэнцвэргүй байдлыг залруулах талаар санаачилгатай ажиллахыг санал болгон хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар Талууд хэлэлцэж, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко дэмжихээ илэрхийлэв.

Ингээд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай баримт бичигт УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар гарын үсэг зурж, хамтарсан комиссын үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж, комиссын анхдугаар хуралдааныг энэ онд багтаан хуралдуулахаар санал нэгдлээ.

Мөн Талууд  эдийн засгийн харилцаа, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, эрчим хүч, төмөр зам, тээвэр, соёл, боловсролын хөтөлбөр, залуучуудын харилцаа холбоо, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ