Улс төрийн үйл ажиллагаа мөнгөтэй цөөн хэсгийн явцуу ашиг сонирхлоос хэт хамаарч байна
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр (2023.06.19) Төрийн ордонд болсон.
Тус хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаар МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор (PhD) О.Мөнхсайхан танилцуулсан юм.
Тэрбээр Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулгад уг хуулийн төслийг боловсруулсан хууль зүйн болон практик үндэслэл шаардлагуудаас хоёр асуудлыг онцлон танилцуулав. Үүнд, нэгдүгээрт, улс төрийн намын дотоод ардчиллын талаарх гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангасан нарийвчилсан зохицуулалт одоогийн хууль тогтоомжид байхгүй.
Нөгөө талаас улс төрийн санхүүжилтийн зохицуулалт өнөөгийн хууль тогтоомжид тун дутмаг. Сонгуулийн үеийн улс төрийн санхүүжилтийг зохицуулчихсан боловч сонгуулийн бус үеийн зохицуулалт маш товч зохицуулагдсан. .
Улс төрийн санхүүжилтийн зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага бараг байхгүй байсан тохиолдолд үр нөлөө муутай.
Сонгуулийн зардал сонгууль бүрд хоёр дахин өсөж байна. Тухайлбал, 2016, 2020 оны сонгуулийн зардал хоёр дахин өссөн. Улс төрийн үйл ажиллагаа мөнгөтэй цөөн хэсгийн явцуу ашиг сонирхлоос хэт хамаарах байдал үүссэн нь судалгааны дүнгээс харагддаг.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдаж, Ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулаад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намуудад хүргүүлж, саналыг тусгаж, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргын захирамжаар Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс хойш ажлын хэсэг, дэд хэсэг Улсын Их Хуралд суудалтай болон бусад нам, байгууллага, хувь хүнээс ирүүлсэн саналыг судлан хуулийн төсөлд тусгаж байгаа гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ