Х.Тамир: Өнөөдрөөс бүртгүүлэгчдийн дүн оноог блокчейн технологиос татаж, тухайн мэргэжлийн хөтөлбөрүүдэд жагсаалт үүсгэх ажил эхэлж байна
Их, дээд сургуульд элсэн суралцах ерөнхий шалгалт улс даяар зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн шалгуулагчид Батламж хуудсаа цахимаар авч, сургуульдаа бүртгүүлэх боломж нээгдэж байна. Энэ жилийн хувьд их, дээд сургуульд оюутан элсүүлэх журам шинэчлэгдээд буй.
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-ны Дээд боловсролын газрын дарга Х.Тамир "Сургуулиуд бүртгэлийн үйл ажиллагаагаа зургаадугаар сарын 15-наас эхлүүлсэн. Өнөөдрөөс бүртгүүлэгчдийн дүн оноог блокчейн технологиос татаж, тухайн мэргэжлийн хөтөлбөрүүдэд жагсаалт үүсгэх ажил эхэлж байна.
Монгол Улсын хэмжээнд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. 31 мянган хүүхэд ЭЕШ өгснөөс 80 орчим хувь нь их, дээд сургуульд элсэх боломжтой байна.
Энэ жил оюутан элсүүлэх журам шинэчлэгдсэнээр мэргэжлээс нь хамааруулж босго оноог тогтоосныг хэлэх нь зүйтэй. Жишээлбэл эдийн засаг, менежментийн чиглэлийн ангид элсэх бол заавал Математикийн шалгалт өгсөн байх, дагалдах шалгалт нь Англи хэл байх шаардлага тавигдана.
Өнгөрсөн жилүүдэд аль нэг хичээлийн шалгалт нь 440 буюу босго давбал тухайн ангид элсэх боломжтой байсан бол энэ жилээс мэргэжил бүр дээр тодорхой агуулгуудыг үзсэн байх шаардлагыг тавьснаараа онцлогтой" гэлээ.
Түүнчлэн их, дээд сургуулиуд хөтөлбөрийн онцлогоос хамаарч ур чадварын болон нэмэлт шалгалт авах нь нээлттэй юм байна.
БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Х.Тамир "Элсэлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 7-ны өдрөөр дуусгавар болно. Өмнө нь Их, дээд сургуулиудын консорциум орон нутагт ажиллан аймгийн төв дээр хуваарь дуудахад сумаас хүүхдүүд ирж, 5-6 хоног элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулагддаг байсан. Харин цар тахлын үеэс хойш бүх зүйл цахим болсон. Энэ жил цахимаар бүртгүүлж, тэнцсэн бүртгүүлэгчдийн цахим хаягт батламж болон суралцах эрхийн бичгийг илгээдэг тогтолцоонд бүрэн шилжиж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД