Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХАЛНА
Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, энэ сарын 21, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Энэ сарын 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +34...+39 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ