"Үндэсний үлгэр" номыг Үндэсний номын санд хүлээлгэн өгөв
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Парламентын номын сангийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэвлүүлсэн “Үндсэн үлгэр” номыг Үндэсний номын санд энэ сарын 15-нд гардуулж өглөө.
Мөн нийслэл, аймаг орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах номын дээжийг хүлээлгэн өгөв.
“Үндсэн үлгэр” нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн талаарх суурь ойлголтуудыг хүүхэд багачуудад ойлгомжтой хялбаршуулан тайлбарласан ном юм.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн талаар талууд санал солилцлоо.
“Хамтын ажиллагааны санамж бичиг”-т цахим номын сангийн КОХА систем нэвтрүүлэх, сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, хамтран ашиглах, сэлбэн засах, сэргээн засварлах болон мэдээллийн сан, каталог хөтлөх талаар харилцан мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан юм. Энэ хүрээнд талууд Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг ном, хэвлэлийн ном зүйг Үндэсний цахим ном зүйн нэгдсэн мэдээллийн санд оруулах, УИХ-аас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг цахимжуулж, метадата үүсгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, шаардлагатай ном хэвлэлийг сэлбэн засах, ариутгах чиглэлээр хамтран ажиллах, шинэ ном, хэвлэлийн мэдээ болон номын сан хоорондын ном солилцоо хийх талаар төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, орчин үед парламентын номын сан нь хэр хөгжсөн, ямар түүхтэй, хэр баялаг сан хөмрөгтэй, хуулийн сан нь ямар байгаагаар парламентын хөгжлийг тодорхойлж байна. Парламент нь хууль тогтоох, төлөөлөх, хяналт тавих гэсэн үндсэн чиг үүргээс гадна соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хандлага олон улсад бий болжээ. Энэхүү соён гэгээрүүлэх чиг үүргээ парламентын номын сангаараа дамжуулан, иргэдэд нээлттэй, ээлтэй үйлчилгээ үзүүлэн хэрэгжүүлж байна гэлээ. Тэрбээр, парламентат ёс өндөр хөгжсөн орнуудад парламентын номын сан нь парламентын уураг тархи гэж үнэлэгддэг. Иймд Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний номын сан хамтран ажиллаж дээр дурдсан чиглэлд илүү ахиц дэвшил гаргана гэдэгт итгэж байна гээд цаашид Үндэсний номын санд хууль тогтоомж сурталчлах төрөлжсөн уншлагын танхим бий болгох боломжийн талаар санал солилцлоо.
Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2023-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаас хамгийн сонирхолтой нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг цахимжуулж, хэрэглэгч түлхүүр үгээр хайсан хууль, тогтоомжоо хялбар олж авах бололцоог бүрдүүлэх явдал юм гэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндэсний номын сангийн эртний ном, судрын эх хувийг дижиталчлах үйл ажиллагаа болон ном, хэвлэл цахимжуулах үйл явцтай танилцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ