Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадамд 280 гаруй уран бүтээлч оролцоно
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Зохион байгуулагчид "Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 22 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн 300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцож байна.
Наадмын хүрээнд төв талбайд зургаадугаар сарын 16-18-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулна. Мөн гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон сургалтууд зэрэг олон үйл ажиллагаа болох юм" гэлээ.
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байжээ. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан байна. Харин энэ оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ