"Эрэл"-ийн удирдлагууд газраа чөлөөлөхгүй, улсын бүтээн байгуулалтыг гацааж байна"
Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад буй. Энэ замыг цааш “Hermes” төв хүртэл үргэлжлүүлэх юм.
Гэвч газар чөлөөлөлттэй холбоотойгоор замын ажил нэг жил гаруй саатаад байгаа бөгөөд замын трасст өртсөн “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөх ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар эхлүүлжээ.
Газрын албанаас “Замын нөлөөлөлд нийт 15 ААН өртсөн. Тэдний хашаа, хороог татуулж, нөхөн олговор олгоод газар чөлөөлөлт дууссан. “Эрэл” компанид 2022 онд 3 удаа албан бичгээр мэдэгдэл өгсөн боловч хариу өгөөгүй. Ашиглалтаас гарсан төмөр зам буюу хамгаалалтын зурваст 2.2 га газрыг эзэмшүүлсэн боловч тус компани газрын төлбөрөө 2019 оноос хойш төлөөгүй, тухайн замыг ашиглаагүй, галт тэрэг явах боломжгүй, дэр мод нь оросууд ашиглаж байгаад үлдээсэн.
Ийм байтал манайх байнга ашигладаг, манай газар гээд улсын бүтээн байгуулалтын ажлыг гацааж байна. “Эрэл” компанийн удирдлагууд зөвшилцөлд хүрэх, ойлголцох сонирхолгүй байна. Тиймээс газар албадан чөлөөлөх захирамж гаргаж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болсон” гэж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ