20 хүрэхгүй минут үргэлжилсэн аадрын улмаас Эрдэнэсантын зам үерт автаж, 428 бог хорогджээ
Уржигдар орой орсон түр зуурын аадар борооны улмаас Төв аймгийн Эрдэнэсант чиглэлийн авто замд их хэмжээний үер бууж, зарим хэсгээрээ эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих аргагүйд хүрсэн гэж орон нутгийн иргэд, жолооч нар олон нийтийн сүлжээнд сэрэмжлүүлэг мэдээ түгээсэн юм. Тус сумын ЗДТГ-ын дарга Н.Сарантуяагаас өчигдөр нөхцөл байдлыг тодруулахад “Энэ сарын 13-ны 17.57-18.12 цагт манай сумын нутагт хүчтэй мөндөр, аадар орсон. Салхины хурд секундэд 22 метр хүрч ширүүссэн. Авто замын 192-195 дахь хэсэг буюу гурван км газарт их хэмжээний үер буусан учир “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-ийнхан тухайн чиглэлд зорчиж явсан 30 гаруй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, зохицууллаа. Гурван машин шаварт суусан, хот хоорондын нэг автобус замын хажуу руу унах гэж байсныг татан гаргасан. Бороо намжсанаас 40 минутын дараа замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлсэн. Зам урсаж, эвдэрсэн зүйл байхгүй. Эрдэнэсант сум дахь 24 мянган га тариалангийн талбайгаас 1060 га нь энэ үеэр мөндөрт цохиулсан. Үүний 70 орчим хувь нь эргэн сэргэхээргүй хэмжээнд сүйдсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байна. Аадрын үеэр хоёр айлын гэр нурж, 600 гаруй бог үерт урссанаас 428 нь хорогджээ. Үерийн улмаас учирсан хохирлыг эцэслэн тогтоох, замын хажуу хэсэгт хуримтлагдсан лаг, шавар цэвэрлэх, хорогдсон малыг устгах ажлыг орон нутгийн холбогдох байгууллагынхан хийж байна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ