Химийн бодисын хуванцар савыг ахуйн зориулалтаар ашиглахгүй байхыг анхаарууллаа
Химийн хорт бодис хадгалах, тээвэрлэх зориулалттай, нэг тоннын багтаамжтай хуванцар савыг малчид, тариаланчид ус зөөх зорилгоор сүүлийн үед өргөнөөр ашиглах болсон нь эрсдэл дагуулж байгааг судлаачид анхаарууллаа. Үүнтэй холбоотойгоор хуванцар сав худалдаж авах тухай зар, мэдээлэл олон нийтийн сүлжээнд олширсон гэнэ. Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд борлуулсан бүтээгдэхүүнийхээ савыг буцаан татаж, аюултай хог хаягдлын тусгай аргаар устгах, эсвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөх ёстой ч үүнийгээ хэрэгжүүлдэггүй аж. Байгаль орчны тандан судлаач, доктор Б.Эрдэнээ “Ийм савнуудыг химийн бодис агуулах, барилгын цементийн тусгай зуурмаг бэлтгэх зориулалтаар л ашигладаг. Ногоо услах, хүн, малын ундны ус нөөцлөх зорилгоор ашиглаж огт болохгүй. Энэ нь аюултай хог хаягдалд тооцогддог учир хүн, амьтны эрүүл мэндэд хохирол учруулж, хавдар зэрэг олон өвчний үндэс болдог. Унд ахуйн ус хадгалах зориулалттай сав ашиглаж хэвшихийг уриалъя” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ