Шинэ журам батлах гэж байгаатай холбогдуулан , 2023 онд БЗС-аас тэтгэлэг авахаар тэнцсэн оюутнуудад дахин сонгон шалгаруулалт явуулахаар болжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам зэрэг 23 асуудал хэлэлцжээ. 

Тухайлбал Боловсролын зээлийн сангийн асуудлыг олон нийтэд нээлттэй болгох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээд ямар нэгэн хэлбэрээр боловсон хүчин бэлтгэх, сургалтын тэтгэлэг, зээл олгох асуудлыг нэг мөр цэгцлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. 

Боловсролын зээлийн сангаас гадна "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар зэрэг байгууллага тус тусдаа зээл, тэтгэлэг олгодог байсныг болиулах шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл зөвхөн Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг олгоно. Ингэхдээ БШУ-ны сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгсөн. Энэ хугацаанд журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалт явуулдаг системийг нээлттэй ил тод болгохоор боллоо" хэмээв. 

Шинэ журам батлах гэж байгаатай холбогдуулан дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэж, 2023 онд БЗС-аас тэтгэлэг авахаар тэнцсэн оюутнуудад дахин сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. 

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд 24 тусгай сан байдаг бөгөөд эдгээрийг Боловсролын зээлийн сантай ижил зарчмаар нээлттэй болгохыг долдугаар сард багтаан хийх аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ