МСНЭ: СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ ДОТООДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ДАМЖУУЛАХЫГ ШААРДЛАА
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сайтын холбоо, Монголын арилжааны телевизүүдийн холбоод Сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах шаардлагатай талаар шаардлага хүргүүллээ.
ТУС ШААРДЛАГАД:
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ ХҮН НАМЫН ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД ТАНАА
ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ:
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс үүдэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан дараах шаардлагыг хүргүүлж байна.
Нэг. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын талаар Ажлын хэсгийн гишүүд тайлбарлахдаа сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах чиглэлийг баримтлан ажилласнаа дурдаад “тэр дундаа сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн хэмжээг 30-70 хувиар багасгах замаар сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлыг нийт дүнгээр 50 хувиар бууруулахаар” төсөлд тусгасан хэмээн мэдэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд УИХ болон Засгийн газраас гаргаж буй тодорхой хууль, тогтоомж, шийдвэрүүд нь цар тахлын хямрал, эдийн засгийн хүндрэл, төсвийн хэмнэлт, түүнчлэн төрийн байгууллагын данхар бүтэц зэргээр шалтаглан юун түрүүнд хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны зардлыг удаа дараалан танах арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ.
Цар тахал, тээвэр ложистикийн хямрал, үнийн өсөлт зэрэг нь иргэдийн амьдрал, эдийн засаг, тэрчлэн бизнес, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хүндээр тусаж, энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын зар сурталчилгааны орлогод сөргөөр нөлөөлж буй байдал өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Төрийн болон төсвийн байгууллага, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын мэдээлэл, сурталчилгааны зардал нь аль ч улс орны хэвлэл мэдээлэлд орлогын эх үүсвэрийн тодорхой хувийг бүрдүүлж байдаг жишигтэй. Тухайлбал, БНСУ 2019 онд Төрийн өмчит компаниудын зар сурталчилгааны тухай хуулийг батлан гаргаж, хэвлэл мэдээллийн зах зээлийг хамгаалах зохицуулалтыг тусган хэрэгжүүлж байна.
Монгол Улсад харин эсрэгээр хэвлэл мэдээллийн зах зээлийг хавчин боох замаар хяналтдаа оруулах бодлогыг хэрэгжүүлж байгаагийн нэг бодит жишээ нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн нийт зардлыг тавин хуувиар бууруулна гэх үндэслэлгүй судалгаагаар халхавчлан хэвлэмэл мэдээлэл сурталчилгааны хэмжээг 30-70 хувиар багасгахаар санаархаж буй явдал юм.
Энэ нь хэвлэл мэдээлэл, тэр дундаа уламжлалт мэдээллийн хэрэгслийг шахах бодлого төдийгүй мэргэжлийн сэтгүүл зүйг үнэгүйдүүлэх, сонгуулийн үр дүнг сошиал орчны эх сурвалжгүй, баталгаагүй мэдээллийн нөлөөнд оруулах эрсдэлтэй хэмээн үзэж байна.
Сонгуулийн сурталчилгаа бол иргэдийг мэдээллээр хангах арга зам бөгөөд Үндсэн хуулиар иргэд мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй төдийгүй эрхээ эдлэх баталгаа төр бий болгох үүрэгтэй юм. Гэтэл удаа дараагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн сурталчилгааны хоног хугацааг цөөлөх, хэвлэмэл мэдээллийн хэмжээг багасгах зэргээр Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдэх эрх, хараат бус хэвлэл мэдээллийн үндсэн зарчимд халдсаар ирснийг эрс эсэргүүцэж байна.
Хоёр. Дэлхий нийтээр уламжлалт хэвлэл мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэж буй хандлага ажиглагдаж байна. Уламжлалт хэвлэл мэдээлэл, мэргэжлийн редакц нь ёс зүйн дүрэм болон хариуцлага хүлээх хуулийн этгээдийн хэв шинжээр олон нийтийн сүлжээнээс ялгагддаг. Олон нийтийн сүлжээ нь мэдээлэл дамжуулах, түгээх дэд бүтцийн хувьд сонгуульд өрсөлдөгчдийн сонирхолд үлэмж нийцсээр ирсэн ч уламжлалт хэвлэл мэдээллийг үл хэрэгссэнээр сонгуулийн дүн бүхэлдээ таамаглаагүй үр дагаварт хүрч байсан жишээ бусад улс орнуудын туршлагад бий.
Түүнчлэн сүүлийн үед дэлхийн улс орнууд, тэр дундаа ардчилсан улс орнууд, тухайлбал, Франц, Герман, Солонгос зэрэг орнуудын хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагууд “хэвлэл мэдээлэл тодорхой нэг улс орны нэг компанийн эзэмшиж буй олон нийтийн сүлжээний платформын гарт шилжиж байгааг” цохон тэмдэглэж, үүнийг өөрчлөх оролдлогуудыг хийж байгааг анхаарах ёстой. Уламжлалт хэвлэл мэдээллүүд хэрэглэгчээ даган олон нийтийн сүлжээнд мэдээллээ байршуулж байгаа ч аль мэдээллийг ямар зан төлөв бүхий хэрэглэгчийн орчинд түлхүү байршуулах вэ, ямар мэдээллийн тархац, түгээлтийг цөөн хэрэглэгчид хүргэх вэ зэрэг сонголтыг программ, алгоритмийг тусламжаар тухайн платформыг эзэмшигчид нь шийдэх бололцоотой юм. Энэ нь тухайн улс орны дотоодын мэдээ мэдээлэл тодорхой компанийн хяналт, нөлөөнд орж, улс орны аюулгүй байдлын асуудал болон хувирч буй хэлбэр гэж үзэж байна.
Эцсийн дүндээ иргэд, сонгогчдыг үнэн бодит мэдээ, мэдээллийн хомстолд оруулах, төөрөгдөл үүсгэх, улмаар үнэн зөв, бодит мэдээлэлд үндэслэн зөв сонголт хийх бололцоог хаах эрсдэлтэй юм. Гэвч Монголын улстөрчид уламжлалт хэвлэл мэдээллээс зайлсхийн сошиал медиа, олон нийтийн сүлжээний “хиймэл” бололцоонд дулдуйдан мэдээллийн махинаци хийхийг эрмэлзэж ирсэн нь харамсалтай. Энэ байдал нь уламжлалт хэвлэл мэдээллийн байр суурийг олон нийтийн сүлжээтэй өрсөлдүүлэх, орлогыг хуваах нөхцөлийг бий болгож байгаа нь ардчиллын нэг амин сүнс болох хараат бус чөлөөт хэвлэл мэдээллийг сулруулах эрсдэлтэй хэмээн үзэж байна.
Нийт иргэд, нийгмийн эрх ашгийн төлөө хууль батлах тангарагтай УИХ-ын эрхэм гишүүд маань үүнийгээ умартан зүй бус хандлагыг дэмжин дэвэргэх байдлаар хууль санаачлан батлах эрхээ эдэлж, зөвхөн хувийн хонжоо, ашиг сонирхлыг өмнөө барьж байгаад эмзэглэж байна.
Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлахдаа иргэдий мэдэх эрхийн баталгааг ханган сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл мэдээллийн хэмжээг танах, уламжлалт мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн редакцийн орон зайг олон нийтийн сүлжээнд тавьж өгөх, зар сурталчилгааны орлогыг нь танах аливаа заалтыг төслөөс хасахыгшаардаж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБОО
МОНГОЛЫН АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО
НИЙСЛЭЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ