Газ дэлбэрч 21-37 насны таван хүн нүүр, гар, цээжин хэсэгтээ түлэгджээ

Газ дэлбэрч, таван хүн түлэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал 2023 оны зургаадугаар сарын 9-ний өдөр "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын ТҮЦ-т газ дэлбэрсэн" гэх дуудлага, мэдээлэл иржээ. Энэ дагуу шалгахад 21-37 насны таван хүн нүүр, гар, цээжин хэсэгтээ түлэгдэж, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хандан эмнэлгийн тусламж авчээ.

Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж буйг мэдээлэв.

Иймд аж ахуйн нэгжүүд ахуйн хэрэглээнд хэрэглэх заавар бүхий савлагаатай шингэрүүлсэн шатдаг хий /газ/-г 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх, энэ төрлийн хий нь хүний төв мэдрэлийн системд гэмтэл учруулах, улмаар амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг гэдгийг үргэлж анхаарах, зориулалт бусаар бусад зүйлд ашиглахгүй байх, хэт халуун, бүгчим орчинд дэлбэрэх аюултайг санаж, хүйтэн сэрүүн орчинд нарны гэрлээс хол хадгалах, битүүмжлэлийг шалгаж байх хэрэгтэй.

Харин эцэг, эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулах, хүүхэд тань зөв төлөвшил, зөв хүмүүжил, боловсролдоо анхаарахын оронд найз нөхөд, бусдын ятгалгад автан энэ төрлийн донтох эмгэгт өртөж байгаа эсэх, хүүхдээ үл хайхарч ганцаардуулж, сэтгэл санааны хямралд оруулж, хорт зуршил хэрэглэх нөхцөл бүрдүүлж байгаа эсэхдээ анхаарч байхыг ЦЕГ-аас зөвлөж байна.

Энэ төрлийн үйлдэлд Зөрчлийн тухай хуульд 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэсний арга хэмжээ тооцдог.

 

Эх сурвалж: ЦЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ