С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийн үнэ 2-2.5 дахин буурна

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой салбарын болоод боомтын асуудлаар ярилцлаа.


-Зам, тээврийн сэргэлтийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдын чуулган боллоо. Энэхүү чуулганаар хөрөнгө оруулагчид онцлон юуг ярьж байна вэ?

-Хамгийн гол нь эрх зүйн орчноо тодорхой болго, тогтвортой байлга гэдгийг сануулан хэлж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид үнэхээр хаширчихсан байна гэсэн үг. Төсвийн болон татварын хуулиараа буцаагаад хөрөнгө оруулагчдад хүнд суртал болдог, хүндрэл учруулдаг асуудлыг хэлж байна. Тиймээс л тэд эрх зүйн асуудлаа тодорхой бөгөөд тогтвортой болгох талаар саналаа хэлсэн. Үүнээс харвал цаашид Монгол Улсын Их хурал, Засгийн газар энэ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, хамгийн чухал нь эрх зүйн орчноо тогтвортой, тодорхой байлгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Хурдан хөгжье гэвэл зам,тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой.

Сайн, зөв хөрөнгө оруулалт дагаж эдийн засгийн ашиг орлогоос гадна бизнесийн ёс зүй, шинэ техник технологи, инноваци, шинэ мэдлэг ур чадвар орж ирдэг. Худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, үйлчилгээ хөгжинө гээд үржүүлэгч нөлөө асар их. Ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй төслүүдийн хүрээнд гэхэд 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Энэхүү хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Арц суурь-Нарийн сухайт-Шивээхүрэн төмөр замын хувьцаа эзэмшигчдийн гэрээг байгууллаа 

3000 ширхэг вагон худалдан авах гэрээ, Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны төмөр замын ТЭЗҮ боловсруулах санамж бичигт холбогдох байгууллагууд тус тус гарын үсэг зурлаа. 

-Боомтуудыг холбох ажил нээлтээ хийсэн. Ер нь боомтуудыг холбосноор манай улсын тээвэрлэлт болоод эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Монгол Улс өнгөрсөн 70 гаруй жил ганцхан төмөр замтай явж ирсэн. Тэр утгаараа ганцхан гарцтай байлаа. Энэ ганц гарц дээрээ Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүн гацах, түгжрэх асуудал энгийн мэт л байлаа. Үүнээс болоод бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг, экспортын бүтээгдэхүүнүүд гарах цаг хугацаандаа гардаггүй зэрэг олон асуудал байсан. Үүнийг засахын тулд Засгийн газар Боомтын сэргэлтийн бодлогоор тодорхой ажил үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд цөөнгүй хугацаа өнгөрсөн. Боомтуудын боомийг тайлснаар Монгол Улсын хүн ардын сайхан амьдрах боломж бүрдэнэ. Эдийн засаг өснө. Төсвийн орлого нэмэгдэнэ. Ингэхийн тулд ганцхан төмөр замтай биш олон төмөр замтай болох ёстой. Олон гарцтай болох ёстой.

Энэ хүрээнд бид Таван толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгууллаа. Мөн Ханги Мандалын төмөр замыг барилаа. Гэхдээ Гашуунсухайтын төмөр зам мухар зам болчихоод байгаа. Тиймээс энэ замаа Хятадын төмөр замтай холбохын тулд хил холболтын төмөр зам барьж байгуулах шаардлага бий болсон. Ингэж барихын тулд холбох цэг зөрсөн, өндөржилтийн түвшин зөрсөн зэрэг асуудлууд бий. Үүнийг судлан үзэж дахин ТЭЗҮ-ийг гаргахаар Хятадын талтай санал солилцон гарын үсэг зурагдсан. Тиймээс энэ зундаа ТЭЗҮ батлагдаад ирэх онд бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болсон байгаа. Энэ төмөр зам холбогдсоноор Гашуунсухайтаар жилд гарах экспортын бүтээгдэхүүн 30-50 сая тонн хүрэх боломж бүрдэнэ. 

-Ганцхан гарцтай, ганцхан төмөр замтай байсан гэж ярилаа. Харин өнөөдөр төр, хувийн хэвшилийн нийлсэн олон төмөр зам, олон гарцтай боллоо. Тэгэхээр нөгөө талдаа эдгээрийн зохицуулсан хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх асуудал чухлаар тавигдах болов уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Бидний хувьд сардаа багтаагаад зүүн бүсийн буюу 410 км зүүн босоо төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бид 800 км төмөр зам барьсан. Тэгвэл дахиад нэг мянга гаруй төмөр зам шинээр барих ажлыг эхлүүлэх гэж байна. Тиймээс олон төмөр зам бий болохын зэрэгцээ түүнд тохирсон хууль, эрх зүйн орчныг бид яаралтай бүрдүүлэх шаардлагатай. 

-Энэ жилийг Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын жил болгон зарлачихсан. Аялал жуулчлалын салбарын хөгжилд зам, тээврийн оролцоо асар өндөр. Тэр утгаараа салбар яамны зүгээс энэхүү асуудалд ямар бодлогоор ажиллахаар байгаа вэ?

-Өнөөдөр Монгол Улс олон улсын ганцхан нисэх буудалтай байна. Энэ буудалд олон улсын хоёр гуравхан онгоц буудаг байсан бол өнөөдөр тоо нь олширлоо. Өөрөөр хэлбэл олон улсын таван онгоц тогтмол бууж, долоо хоногт 140 гаруй нислэг үйлдэж байна. Өмнө нь намайг сайд болохоос өмнө Улаанбаатар Истанбул чиглэлд таван нислэг хийдэг байсан бол одоо 34 нислэг үйлддэг болсон.

Энэ мэт агаарын тээврийн салбарт либеральчлал явагдаж байна. Эдгээр олон улсын нислэг зөвхөн Чингис хаан онгоцны буудалд л бууж байгаа. Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгуудын нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгохоор зорьж байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатарт бус Монгол Улсын дөрвөн бүс нутагт олон улсын онгоц газардах боломжтой болно гэсэн үг. Ингэснээр мэдээж аялал жуулчлалын салбарт томоохон хөшүүргийг бий болгох, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой болно. 

-Нөгөөтэйгүүр дотоодын нислэгийг сэргээх чиглэлд та бүхэн ямар ажил хийж байна. Удахгүй орон нутгийн нислэгийн тарифийг тодорхой хувиар буурна гэж байгаа шүү дээ...?

-Улаанбаатараас хамгийн хол чиглэлд нисье гэж бодъё. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлд нисэхийн тулд нэг сая долоон зуун мянган төгрөгийн тасалбар авч байна. Дотоодын нислэг үйлдэж байгаа хоёрхон компани бий. Эдгээр компаниудад салбар яамны зүгээс тасалбарын үнийг хөнгөлөх асуудлаар удаа дараа шаардлага, саналаа хүргүүлж байсан. Гэвч тодорхой шалтгаануудын улмаас бодитой хөнгөлөлтийг үзүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс бид дотоодын нислэг үйлдэх гуравдагч компани болох МИАТ-ийг оруулж ирэхээр болж байгаа юм.

Ингэснээр ашиг орлого олох зорилгоор бус нийгмийн хариуцлагын хүрээнд нисэх үүрэг чиглэлийг өгсөн. Гэхдээ МИАТ-ийн хувьд алдагдалтай нисэхгүй байх тэрхүү боломжийг нь олгож байгаа. Энэ хүрээнд Засгийн газраас тогтоол гаргасан. Тиймээс МИАТ-ийн хувьд одоо есөн аймаг руу шууд нислэг хийхээр бэлтгэж байгаа. Тэгэхээр хамгийн хол буюу Баян-Өлгий аймаг руу 1.7 сая төгрөгөөр биш 800-900 мянган төгрөгийн хооронд нисэхээр болж байна. Харин Хөвсгөл чиглэлд 1.5 саяар биш 500-600 мянган төгрөгөөр нисдэг болгоно.

Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин