“2040 онд Улаанбаатар хотын хүн ам 2.5 саяд хүрэхээр байна”
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хорооны удирдлагууд оролцсон юм.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын сэргэлт-хотын хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл тавьж, нийслэлд хэрэгжүүлж буй ажлуудын төлөвлөгөө, үр дүнг танилцуулсан. Тэрбээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засгийг солонгоруулж, дэд бүтцийг бүтээн байгуулж, төрийн бүтээмжийг сайжруулах суурь нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого” бөгөөд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй оношилж, шийдвэрлэх явдал. Иймд өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэхэд анхаарч ажилласан. Тухайлбал, бид 27 жилийн дараа УИХ болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Уг хуулийг шинэчлэн батлуулснаар нийслэл Улаанбаатар хотын хөгжилд бодит дэмжлэг болохуйц санхүүгийн шинэ эх үүсвэрийг бий болгох, үнэт цаас гаргах, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах зэрэг олон боломж нээгдсэн. Цаашид Улаанбаатар хотын хөгжлийн бодлого төсвийн хөрөнгө оруулалтын хэт хамаарлыг бууруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэх учиртай.
Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин суугаа бол энэ тоо 2040 онд 2.5 саяд хүрэхээр байна. Уг тооцооллоор Улаанбаатар хотын хүн ам дунджаар жил бүр 40 мянгаар нэмэгдэнэ гэсэн үг. Харин үр дүнд нь Улаанбаатар хотын нийгмийн үйлчилгээний хүртээмж алдагдаж, суурь дэд бүтцийн хомсдол бий болно. Өнөөдрийн бэрхшээл 2040 онд илүү олон, илүү хатуу болно. Иймд хотын хүн ам зүйн чиглэлээр баримтлах бодлого нэн яаралтай хэрэгтэй байна. Үүний цөм нь “Хот-хөдөөгийн сэргэлт” юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн тухайд нийслэлийн хэмжээнд 2009 оноос хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй. Үндсэндээ өдөрт 996 автобус үйлчилдэг. Гэтэл тэдгээр автобусны 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Энэ нь зорчигч тээврийн аюулгүй байдалд бодит эрсдэл үүссэнийг илтгэж байгаа үзүүлэлт. Иймд парк шинэчлэлд яаралтай 1400 автобус авах шаардлагатай гэдэг тооцоон дээр үндэслэн, 2020 оноос хойш 415 автобусаар парк шинэчлэл хийж, зөвхөн 2023 онд гэхэд 810 автобусаар парк шинэчлэл хийнэ. Ингэж парк шинэчлэлийг идэвхжүүлэх нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, түгжрэлийн эсрэг авах арга хэмжээний суурь нөхцөл юм.
Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 60-70 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Улаанбаатар хотод цахим засаглал, цахим үйлчилгээг нэвтрүүлэх нь бизнесийн салбарт үзүүлж буй бодит дэмжлэг гэж болно.
Өнгөрсөн хугацаанд нийт 134 үйлчилгээг цахимжуулж, Онлайн бизнес төвийг байгуулснаар өнөөдрийн байдлаар 8000 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө тус системээс цахимаар авч, 191 сая төгрөг хэмнэж чадсан. Энэ нь бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэсэн оновчтой шийдэл болсон. Иймд цаашид энэхүү технологид суурилсан бизнес төвийг улам идэвхжүүлж, шинэчилж, хурдасгах шаардлагатай байна хэмээв.
Мөн хөдөөгийн сэргэлт нь хотын сэргэлтийг бий болгож, хоорондоо харилцан уялдаатай хөгжих учиртай хэмээн онцоллоо.
"Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтын үеэр зургаан илтгэл, есөн салбар хуралдаан зохион байгуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ