Ховор ургамал түүвэл нөхөн төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж гаргуулна

Иргэн Б нь 2022 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 6-ны  хооронд С аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 50.5 кг ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүжээ. Улмаар ургамлыг “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд  ачиж, Д аймгийн  нутаг дэвсгэрт байрлах хяналтын пост хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Б-ийн уг үйлдлийн улмаас байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учирсан гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэжээ.

Прокуророос Б-г зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Б-г дээрх гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10,800,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Дээд шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.

Хоёр шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийсэн ч ургамлын экологид учруулсан шууд хохирлоос гадна хуульд тусгайлан заасан нөхөн төлбөрийг гаргуулах зохицуулалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд  “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу  Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан байна. Энэ нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг. Иймд Б-ийн ургамлын экологид учруулсан хохирол 5,701,450 төгрөгийг  хуульд заасны дагуу  тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тодорхойлж, өмнө төлсөн хохирлыг хасаж, 22,805,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ