Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ
Хан-Уул дүүргийн прокурорын газраас таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийн амь насанд халдахыг завдаж, хамт явсан дүүг нь хөнөөсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна. Тодруулбал, гуравдугаар сарын 28-нд иргэн Б таксигаар үйлчлүүлж байхдаа тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Б-ийн хоолойг хутгаар хэрчиж, улмаар тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох Б.Г-ын амь насанд халдахаар завдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан тавдугаар сарын 17-нд Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ