Цаа бугын аж ахуйг хөгжүүлэх талаар санал солилцоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг Олон улсын цаа бугын аж ахуйн төвийн гүйцэтгэх захирал Андерс Оскал, Цаа бугын аж ахуй ба дасан зохицох төслийн удирдагч, Dr. Проф Свейн Д.Матисен, Монгол дахь төслийн зохицуулагч П. Цогтсайхан нарыг хүлээн авч уулзлаа.
Зочид төлөөлөгчдийн зүгээс “Цаа бугын аж ахуй ба дасан зохицох” төслийн талаар мэдээлэл өгсөн бол Дэд сайд М.Ганхүлэг Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас цаа бугын аж ахуйг хөгжүүлэх, цаатангуудын аж амьдралыг дэмжих бодлого, чиглэлийн талаар танилцуулсан юм. Үндэсний цөөнх болсон цаатан угсаатны аж ахуй, амьдралын хэв маяг, соёлыг Монгол орны ондоошил, онцлог гэдгийг аялал жуулчлалаар дамжуулан дэлхий дахинд сурталчлах боломжтой талаар ч мөн санал солилцлоо.
Манай улс 2001 онд 600 гаруй цаа бугатай байсан бол өдгөө 2400 болж өсжээ
Дэлхийн цаа буга маллагчдын холбоо (World Reindeer Herders) нь 1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 9 улсын цаа буга маллагч нүүдэлчдийг хамруулсан иргэний нийгмийн байгууллага юм. Анх 2000 онд зохион байгуулагдсан Монгол Норвегийн Гадаад харилцааны сайд нарын уулзалтын үр дүнд Монголын Духа цаа буга маллагч иргэд энэ хамтын ажиллагаанд нэгдэж байжээ.
Тус байгууллага Даян Дэлхийн Байгаль орчны сан болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжих Цаа бугын аж ахуй болон дасан зохицох чадварыг сайжруулах шинэ төслийг хариуцан хэрэгжүүлж байна. Цаа бугын аж ахуй ба дасан зохицох төсөл нь цаа буга маллаж буй залуучуудад уламжлалт мэдлэг, бэлчээрийн талаарх мэдлэгийн санг бүрдүүлэх замаар тэдний чадавхыг хөгжүүлэх зорилготой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ