Б.Ууганбаяр: Хээрийн эмнэлгийг дэлгэж, гамшигт нэрвэгдэгсдийг эмчлэх дадлага сургуулийг явуулна
ҮАБЗ, Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, НЗДТГ хамтран энэ сарын 7-9-ны өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр, “Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 99 хувийн биелэлттэй байна. Сургуулилалтыг энэ сарын 7-ний өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зохион байгуулна. Гол зорилго бол газар хөдлөлтийн томоохон гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага болон холбогдох албан хаагчдын хоорондын хамтын ажиллагааг таниулан мэдүүлэх юм. Мөн газар хөдлөлттэй холбоотой бүх шатны бичиг баримтыг тодотгож, шинэчилж, боловсронгуй болгоно.
Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвд гамшгаас хамгаалах алба, яам, агентлаг, төрийн цэргийн байгууллагын нийт 295 алба хаагч 72 цагийн хугацаатай сургалтыг зохион байгуулна. Сургалтын үйл ажиллагаатай холбогдуулаад 21 аймагт ослын удирдлагын баг бүрэлдэхүүн ажиллана. Нийт 2900 гаруй албан хаагч оролцохоор бэлтгэлээ хангаад байна.
Зэвсэгт хүчний харьяанд байдаг хээрийн эмнэлгийг дэлгэж гамшигт нэрвэгдэгсдийг эмчлэх дадлага сургуулийг явуулна. Нийслэлийн зургаан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тэсэрч дэлбэрэх бодис болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургуулийг зохион байгуулна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ