Covid-19-өөр нас барагсдын тоо огцом цөөрчээ
COVID-19-өөр нас барагсдын тоо огцом цөөрчээ
"Тавдугаар сарын 1-28-ны хооронд дэлхий даяар 2 сая орчим хүн коронавирусээр халдварлаж, 12,500 гаруй хүн нас барлаа. Талийгаачдын тоо өмнөх 28 хоногтой харьцуулахад 39, халдварлагсдын тоо 30 хувиар цөөрсөн" гэж ДЭМБ мэдэгдэв. Уг мэдээлэлд дурдсанчлан дөрвөн 7 хоногийн хугацаанд дэлхий даяар халдварын 1,989,547 тохиолдол бүртгэгдэж, 12,566 хүн нас барсан гэнэ. БНСУ-д хамгийн олон буюу 476,087 хүн уг өвчин туссан бол удаад нь АНУ (170,425), Австрали (138,721), Бразил (129,610), Франц (106,803) орсон байна. Харин тавдугаар сарын 1-28-нд хамгийн олон буюу 3,089 хүн АНУ-д нас барсан ба Бразил 1,170, Франц 685, ОХУ 614, Итали 606 нас баралтаар эхний тавд бичигджээ.
Өмнөх дөрвөн 7 хоногтой харьцуулахад дээрх 28 хоногийн дотор Африкийн зургаан бүс нутгийн хоёрт нь гурав, Номхон далайн баруун бүст арван хувиар халдварын тоо өсөж, бусад бүс нутагт буурсан аж.
Дэлхийн эрүүл мэндэд 2020 оны нэгдүгээр сарын сүүлээс 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл COVID-19-ийн онцгой дэглэм хэрэгжиж байсан. 2020 оны гуравдугаар сарын 11-нд COVID-19-ийн дэгдэлтийг цар тахал гэж тодорхойлсон. ДЭМБ-ын цахим хуудаст 2023 оны тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдварын 767,364,883 тохиолдол бүртгэгдэж, 6,938,353 хүн нас баржээ.
Харин ДЭМБ-ын ерөнхий захирал Т.Гебрейесус тавдугаар сарын 5-нд Женевт хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Энэ өвчнөөр амиа алдагсдын бодит тоо дор хаяж 20 сая байгаа" хэмээн мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ