УИХ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг БАТАЛЛАА
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг эхэллээ. Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд болон бусад гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Б.Ганбат "Бид тойрогтоо хоёр удаа очиж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан. Гэвч иргэд сонсох хүсэлгүй байна. Эрх баригчдын хулгай, авлига гаарсан. Гурван хүн тутмын хоёр нь ядуурсан. Хүнсний талон тараахын оронд ард түмнээ соён гэгээрүүлээч ээ. Хулгайтай тэмцэж буй мэт дүр үзүүлж байна. Хуулийг дээдлэхгүй байна. Намын жагсаалтыг УИХ-ын сонгуульд яаж ашиглах вэ? Намын жагсаалтаар баахан годгоносон охид залуучууд гарч ирэх вий? Нам бүлэглэлүүдийн хулгай хийдэг газар болсон шүү дээ. 48 хүнийг жагсаалтаар сонгох юм байна. Энэ тоо яаж гарч ирсэн бэ? Тооцоо, судалгаа байна уу?
Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг тайлбарлаж өгнө үү. Олон нийтэд сайн тайлбарлаад өгвөл дэмжинэ.
Төр эдийн засгийн 50 хувийг эзэлж, хувийн хэвшилд ажиллах оорон зай үлдсэнгүй. Уул уурхай тамтгаа алдан, нэг суманд 40-50 лиценз олголоо. Олонх болсон нам ажлаа хийж чадахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Олонх сайн ажиллахгүй бол УИХ 76 гишүүнтэй байя. Би ямар нэг юманд оролцоогүй, та нарт барьцаалагдаагүй тул эдгээр асуултыг тавьж чадаж байна." гэв.
Засгийн газар энэ сарын эхээр оруулсан, эхний төсөлдөө УИХ нийт 152 гишүүнтэй байна гэж заасан ч энэ тоо 126 болж буурсан юм. Тэдний 48-ыг намрын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгоно. Мөн хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоотой болгохоор тусгажээ. УИХ иргэдийн төлөөлөл. Хүн амын тоо өссөн тул төлөөллийг нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Иргэдийн төрд итгэх итгэл ихээхэн суларчээ. УИХ-ын гишүүдийг 126 болголоо гээд шударга, ёс суртахуунтай хүмүүс гарч ирэх үү гэсэн асуултад хариулт нэхэж байна. Засаглал сайн байсан бол хулгай дээрэм гарахгүй байв. УИХ-ын гишүүдийг хулгайч гэж нэрлэж байна. Иргэдтэй уулзахаар маш их бухимдлаа илэрхийлж байна. Цалин нэмнэ гэхээр хүмүүс баярлахаа больжээ. Цалин нэмэхээр үнэ өснө гэж айж байна. Эдийн засаг өссөн ч тэр өсөлт айл өрхөд нөлөөлөөгүй байна. Иргэд өсөлт гарсан гэж үзэхгүй байна. Бодит байдал ийм байгааг бид бодолцох ёстой." гэв.
Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад л амьдрал шууд сайжрахгүй. Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийг баталснаар үр дүн гарна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 76 гэдэг тоо онцгүй гээд байвал итгэл бишрэлийнхээ дагуу 88 эсвэл 99 гишүүнтэй байвал яасан юм. Үндсэн хуулийн хямрал руу хөтлөх вий. Хэдэн жилийн дараа дахиад л ийм заалт дутуу байна гээд засах тухай ярих уу? Дахин засахгүй гэсэн баталгаа байна уу? Намыг биш хүнийг нь жагсаалтаар сонгох нь зөв. 48 гишүүнийг намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгохдоо жагсаалтын хамгийн дээр сайн малчны төлөөлөл, гадаадад амьдардаг Монголчуудын төлөөллийг хамгийн дээр нь бичээрэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуульд дахин 8 жил гар хүрэхгүй. Засгийн газрын гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн болж, давхар дээлтэй болж байгаа тул гишүүдийн тоог нэмнэ. Энэ бол зайлшгүй шаардлага. УИХ Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжинэ. Иргэд ч дэмжиж байна. Манай сонгогчид хэрсүүжиж байгаа тул намын жагсаалт дор нуугдсан нөхдүүдийг битгий сонго. Хүүхдийн мөнгөөр битгий оролдооч ээ, Үндсэн хууулийн цэцэд очно, иргэдээ ялгаварлаж болохгүй гэж анхааруулсан шүү дээ. Иргэдтэй уулзах гээд очиход залуу малчид гэр бүлгүй, дийлэнх нь эрчүүд байна. Засгийн газар үүнд анхаараач. Малчид махаа өөрсдөө бариад Эрээн орохгүй тул борлуулалтыг нь дэмжих шаардлагатай байна. Багш, эмч нарын цалинг нэмээд соёл урлаг, спортынхон маш бага цалинтай үлдлээ. Адилхан л төрийн албан хаагчид атал ялгаварлаж байгаа нь буруу.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар энэ парламент түүхэд бичигдэж үлдэнэ. Иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт амьдралд нь яаж нөлөөлөх талаар их асууж байна. Үнэ 60-70 хувиар өссөн атлаа өрхийн орлого өсөөгүй тул иргэд бухимдаж байгаа нь аргагүй. Хөдөлмөрийн зах зээл унтаа, ажилгүйчүүд их байна. УИХ Засгийн газраа хянах байтал Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан тул Үндсэн хуулиа өөрчлөх ёстой.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Иргэд энэ төслийг дэмжээгүй байтал та нар энд шал өөр, эсрэг юм ярих юм. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ. Та нар энэ хуулийг ойр ойрхон өөрчилж, сонгодог утгыг нь алдагдуулж байна. Би нэг болон хоёрдугаар хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга явуулах талаар асуусан. Та нар хийнээ л гэсэн. Гэтэл хийсэнгүй. Үүнд би хуулийн гаргалгаа бүхий хариулт авна. Би хуулиа л дагаж байна. Би хоёр байнгын хороонд ажилладаг. Эдгээр байнгын хорооны хурлаар би зарчмын зөрүүтэй санал өгсөн ч хэлэлцсэнгүй. Ард нийтээс санал аваач ээ гэсэн миний саналыг хэлэлцэхгүй байна. Хэлэлцээд унагаагүй.
Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өөр журам, дэгээр хэлэлцдэг. Иймд ажлын хэсгийн болон байнгын хорооны хуралдаанаар С.Ганбаатар гишүүний саналыг хэлэлцээгүй. Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын Тамгын газар нэмэлт тайлбар өгөөрэй. Бид хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгасан. Дэг зөрчөөгүй. УИХ-ын нийт гишүүдийн 2/3 нь дэмжвэл ард нийтийн санал асуулгыг авдаг.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 126 их байна, хэмнэх зарчмаа бариарай гэж иргэд үзэж байна. Гишүүний тоо өссөнөөр ямар зардал гарах тооцоо хийсэн үү? Тогтолцоог өөрчилнө гэж зарим хүн ярьж байна. Бид засаглалын тогтолцоог өөрчлөх гээгүй. Бид тогтолцооны өөрчлөлтөө 1992 онд хийчихсэн, парламентын засаглал хэвээрээ байна. УИХ л томрох юм. Ингэж андуурч болохгүй. Бид ерөнхийлөгчийн засаглал руу яваагүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД