Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.05.30) нэгдсэн хуралдаан 14 цаг 44 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн болон төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүдийн холбогдох тооцоог бодит байдалд үндэслэж тооцоолон гаргаж, мэдээлж байх талаар асуулт асууж, тодруулга авсан байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Оюутолгойн далд уурхайн олборлолт, зэсийн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаа тул орлогын тооцооллыг бодитой нягтлах, мөн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэн тэгшитгэх арга хэмжээг авах, цаашид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөж 2024 оны төсвийн төсөлд одоо батлагдах төсвийн хүрээний мэдэгдлийн тооцооллыг хатуу мөрдөж ажиллахыг онцгой анхаарах саналыг хэлсэн байна.
Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Төсвийн хүрээний мэдэгдэл дэх тооцоололд Монгол Улсад байгаа боломжуудаа бүрэн дайчилж, төлөвлөхгүй байгаа талаар шүүмжилж, өнгөрсөн 2021, 2022 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг харьцуулсан мэдээллийг дурдсан юм. Монгол Улсын хувьд байгалийн баялгаа зөв менежментээр ашиглаж чадвал өндөр үр дүнд хүрэх, орлогыг бүрэн дайчилж бүтээн байгуулалтууд хийх боломжийг ашиглахтай холбоотой санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсгээс хариулахдаа, төсөлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь хэмээн тооцсон. ДНБ 65.4 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон бөгөөд энэ тооцооллыг 2022, 2023 оны гүйцэтгэл дээр суурилж тооцсон байна.
2022 онд 46.5 их наяд төгрөг хэмээн батлуулсан бол гүйцэтгэлээрээ 52.8 их наяд төгрөг буюу 6 их наяд төгрөгийн өсөлттэй байсан аж. 2023 оны төсвийг батлуулахдаа 56 их наяд төгрөгөөр тооцсон, үүнд суурилан ирэх онд ДНБ 10 орчим их наяд төгрөгөөр тэлж 65 их наяд төгрөгт хүрэх боломжтой хэмээн тооцоолж, төсөлд тусгасан байна. 2023 онд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн гэдгийг ажлын хэсгээс онцлоод ирэх онд энэ үзүүлэлтийг ахиулах, ханшийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлж чадвал бодит өсөлт болох боломжтой гэдэг тооцооллыг хийснээ тайлбарласан. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг төлөвлөхдөө гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан тооцсон байна.
Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Төслийг эцсийн хэлэцлүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх хууль зүйн техникийн засваруудыг хийсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна. Тэдгээр саналын томьёолол тус бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хэлэлцүүлгийн явцад тусгагдсан саналуудтай холбоотой хөрөнгө оруулалт, санхүүжилт нь төсөл дэх 2024 оны шинэ хөрөнгө оруулалтын дүнгээс давахуйц байгааг гэдгийг тодотгоод, энэ талаар тодруулсан. Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгасан, гэхдээ 2024 оны улсын төсвийн төслийг төлөвлөхдөө эдгээрийг эрэмбэлж, холбогдох шаардлагад нийцүүлэн төлөвлөнө гэдэг хариултыг Б.Баттөмөр гишүүн өгсөн. Мөн санхүүжилтийг нь эхлүүлж, он дамнан үргэлжилж байгаа зарим нэг төсөл төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэр заагдаагүй, үлдсэн байгааг Ж.Батжаргал гишүүн сануулж, тодорхой төслүүдийн талаар лавлав. Нэгэнт ажлыг эхлүүлсэн, санхүүжилтийг нь өмнөх онуудад төсөвлөөд, үргэлжилж байгаа төслүүдийг дуусгах зарчмыг Засгийн газар баримталж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлээд, тухайлан лавласан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг холбогдох журам, шаардлагад нийцүүлэн боловсруулж, төлөвлөх талаар байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан зарлага, зардлын талаарх гишүүний асуулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хариулт, тайлбар өгсөн.
Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар өргөн хэрэглээний хүнс, бараа, үйлчигээний инфляцыг хэрхэн бууруулах талаар, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эргэлтэд оруулах, төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох талаар саналаа илэрхийлсэн. Тэрбээр, 2023 оны эхний 4 сарын инфляц болон үнийн өсөлт 11.3 хувь байсан бөгөөд үүнийн 42 хувь нь цэвэр хүнсний инфляц гэдгийг тодотгов. Энэ дунд махны үнэ өндөр байгаа нь их нөлөө үзүүлж байгааг тэмдэглэсэн. 70 сая малтай улс атлаа махны үнэ он гарснаас хойш 18 хувиар өссөн байгаа нь анхаарууштай асуудал болохыг сануулав. Хэдийгээр нөөцийн мах худалдаалж байгаа ч махны нийлүүлэлтийн “гинжин хэлхээ” алдагдаж байгаа тул нийлүүлэлтийн шинэ механизм бий болгох, махны бүсчилсэн сүлжээний зангилаа (hub) үүсгэх саналыг хэлж байв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, төсөл дэх ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөлт болон ядуурлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулав. Төсөлд өрхийн орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан хэмээн ажлын хэсэг хариулав. Энэ онд 55.211 ажлын байрны захиалга бий болно хэмээн төлөвлөсөн байсныг дурдаад хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдолтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 2024 онд 60.000 ажлын байр бий болно гэдэг төлөвлөлт, тооцооллыг танилцуулсан юм.
Ийнхүү гишүүд Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 73.2 хувь нь дэмжин, баталлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцдаа Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг анхаарах, түүнчлэн хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажиллахад онцгой анхаарахыг чиглэл болгов. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ