А.Энхжин: Он гарснаас хойш 2500 орчим хүн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл аваад байна
Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс тодруулахад, Ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газар шилжүүлэх процесс үргэлжилж байна. УИХ-ын тогтоолд тусгасны дагуу 2023 оны долоодугаар сарын 1-н гэхэд шилжүүлж дуусна. БХБЯ-ны харьяа нэгжид ипотекийн зээлийг шилжүүлэхээр яригдаж байна. Ц.Даваасүрэн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, тогтоол шийдвэрийг боловсруулж байгаа.
-Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн олдоц ямархуу байгаа вэ?
-Зээл гарч байгаа. Дараалал ихтэй, удаашралтай байгаа. Жилийн зургаан хувийн хүүтэй зээл гэдэг зах зээлийн өртгөөс маш бага учир эрэлт ихтэй байна. 2023 он гарснаас хойш 2500 орчим хүн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл аваад байна. Үүнд 30 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан. Энэ нь өнгөрсөн оны түвшинтэйгээ ойролцоо үзүүлэлт юм. Бид долоодугаар сарын 1-нээс Засгийн газарт шилжүүлэх тул цаашид Засгийн газрын шилжүүлж авсан нэгж нь санхүүжилтийг олгоод явна гэсэн үг.
-Зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх боломжтой юу?
-Боломжтой. Зээлийн эргэн төлөлтөөс жилдээ 450 орчим тэрбум төгрөг орж ирдэг. Энэ мөнгийг эргэн зээл болгож гаргана. Үүн дээр банкны эх үүсвэрийг оролцуулбал 550-600 тэрбум төгрөгийн зээлийг жил бүр гаргах боломжтой. Энэ хэвээр үргэлжлүүлэх талаар Монголбанк, Засгийн газар хамтран ажиллаж байна.
-Орон сууцны үнэ эрс өссөн нь 30 хувийн урьдчилгааг бүрдүүлэхэд хүндрэл үүсгэж байна. Урьдчилгаа 30 хувийг бууруулах боломжтой юу?
-Урьдчилгаа төлбөрийг бууруулах болон нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх тохиолдолд зээлийн хүртээмжийн асуудал яригдана. 450 тэрбум төгрөг дунджаар 5000-6000 хүнд зээл болон очдог байсан бол зээл авах боломжтой хүний тоо цөөрнө гэсэн үг.
Урьдчилгаа төлбөртэй холбоотой гарсан нэг өөрчлөлт нь Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлээс орон нутагт шилжин амьдрах иргэдэд болон орон нутгийн иргэдэд 3 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгох шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Дөрөвдүгээр сард бэлтгэл ажлаа хангаад, тавдугаар сард жигдэрч байна.
Зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр учир орон нутагт шилжиж суурьших иргэдэд зээлийн хүү болон урьдчилгааг бууруулах нь зөв гэж үзэж байгаа.
-Гурван хувийн хүүтэй хэчнээн зээл олгоод байна вэ?
-2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар 500 сая төгрөгийн зээл олгосон. Шинэ тоонууд удахгүй гарна. Гурван хувийн хүүтэй зээлтэй уялдуулан Засгийн газар хотоос орон нутагт очиж бизнес эрхлэх хүмүүст нэг хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ