Бурхан багшийн их дүйчинг угтаж нийтээр тахил өргөнө
"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр ирэх ням гаригт тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай ч амралтын өдөр таарч байгаа юм. Гэсэн ч нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулах аж.
Бурхан багшийн их дүйчин өдрийн угтаж нийтээр тахил өргөх ёслол төв гандангийн гадна талбайд өнөөдөр болох юм. Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн их дүйчэн ажлын хэсгээс санаачлан зуны тэргүүн сарын шинийн 8-15-ныг хүртэл Батцагаан дуганы талбайд Бурхан багшийн гурван дүрд олон нийтээр тахил өргүүлж, буян хураалгах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Жавзандамба хутагт төв ханд дагинасын буулттай зуны тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр 10:00-18:00 цагт олон нийтээр тахил өргүүлж, нийтийн буяныг арвидуулах үйл ажиллагаа болох аж.
Тахил өргүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт:
- 10:00-10:15 цагт нээлт /Жавзандамба хутагт төвийн Буддын оройн ангийн оюутнууд монгол хэлээр аврал итгэл одуулна/
- 10:00-18:00 цагт Бурхан багшийн гурван дүрд усан ба цэцгэн тахил олон нийтээр өргүүлнэ.
- 10:00-18:00 цагт Жавзандамба хутагт төвийн асарт Цогт Наланда хийдийн 17 бандидагийн намтар, өдөр тутмын уншлага ном, үлгэрийн далай судар I, II, III цуврал, "Сэтгэлийн амин дэм" сургамжит өгүүллэг I, II, III, Бурханы шашны сэдэвтэй даавуун тор, стикер, соронз зэрэг Их дүйчэн баярт зориулсан худалдаа гарах аж.
Эдгээрээс гадна хүүхэд залууст эртний бар хэвлэл болон цутгуурын урлалын арга танилцуулах соёлын үйл ажиллагаа өн болохыг МБШТГХ-ээс мэдээллээ. Хүүхэд залуус хоёр төрлийн модон бар дээр бэхээ түрхэж дээр нь муутуу цаас тавьж өнхрүүшдэн өөрийн гараар монгол хээ барлан авах боломжтой. Мөн цутгуурын урлалтай танилцаж, хэвэнд шавраар цутгуур хийж, өөрийн гараар цутгуурын бүтээл хийх боломжтой байна. Энэ өдөр хийсэн буян мянга, түм арвижна гэж үздэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ