Авлигын хэрэгт шалгагдаж байсан монгол иргэнийг БНСУ-аас олж тогтоон, нутаг буцаажээ
Авлигын эсрэг 5Ш ажиллагааны хүрээнд БНСУ болон БНХАУ руу явсан иргэдийг буцаан авчирсан байна.
Энэ талаар АТГ-аас "2023 оны тавдугаар сарын 26-нд "Korean Air" компанийн нислэгээр авлигын хэрэгт шалгагдаж байгаа Х.Б ирсэн. АТГ, эрүүгийн цагдаагийн албаны ажлын хэсэг БНСУ-ын Цагаачлалын албатай хамтран ажилласнаар түүнийг олж тогтоон, нутаг буцаасан байна.
АТГ-ын мөрдөгчид Эрээн хотод Хятадын холбогдох албаны хүмүүсээс бас нэг иргэнийг хүлээн авна. "Шувуу" ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй"-г хэллээ.
Шувуу ажиллагааны хүрээнд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсаас авчирсан билээ.
Мөн "АТГ-ын мөрдөн шалгах албаныхантай иргэн Ж.Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдоод хэргээ шалгуулъя гээд ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн.
Иргэн П.Болортуяа мөн мөрдөгчтэй холбогдоод БНСУ-аас ирээд хэргээ шалгуулж байгаа. Эдгээр иргэнд хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах нөхцөл бүрдээд буй" хэмээн сайд Х.Нямбаатар мэдээлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ