“Өсвөрийн парламент-2022"-ын нэгдсэн чуулган боллоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан өнөөдөр (2023.05.27) Гадаад харилцааны яаманд боллоо.

Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролын талаар мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрчим хүчээ хэмнэх зөв дадлын талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой "Өсвөрийн парламент - 2022" хөтөлбөрт нийт 91 сурагч хамрагдсан юм.

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчид 29 багт хуваагдаж, эрчим хүчний хэмнэлтийн талаар орон нутагтаа нөлөөллийн ажлуудыг хийсэн. Хөтөлбөрийн оролцогчид Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороонд тус тус хуваарилагдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гурван үндсэн асуудлын хүрээнд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг хийлээ.

Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хүүхдийн эрхийг хангахад эрчим хүчний салбарыг оролцоог нэмэгдүүлэх асуудал”, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор “Өсвөр үеийнхний нийгмийн оролцоог дэмжих, парламентын боловсролыг түгээх асуудал”-ыг хэлэлцсэн. Мөн Боловсролын ерөнхий хуулийн төсөлд өгөх саналыг хэлэлцэв. Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Цахилгаан, дулааны хэрэглээ болон эрчим хүчний хэмнэлтийг дадал хэвшил болгох асуудал”-ыг хэлэлцэж, холбогдох санал, дүгнэлтээ боловсруулав.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан шийдвэр гаргахад өсвөр үеийнхний оролцоог хангах чиглэлээр Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Хууль тогтоох үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, эрхээ эдэлдэг, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, парламентын нээлттэй, ил тод байдлыг хангаж, хууль батлах, хэрэгжүүлэх ажилд олон нийтийн оролцоо, хяналтын бий болгох, улмаар парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, засаглалыг сайжруулахад “Парламентын боловсрол” хөтөлбөрийн ач холбогдол оршиж буйг тэмдэглэв. Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг талаар цогц, системтэй мэдлэг олгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хүүхэд, залуучуудад өөрсдийнх нь оролцоотойгоор тайлбарлан ойлгуулах, парламентын талаар зөв, бодитой төсөөлөл, хандлагатай болоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 12-14, 15-17 насны ангиллаар явуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд Өсвөрийн парламент, Сургагч багшийн, Парламентын мэтгэлцээний болон Төрийн ордонтой танилцах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг гэлээ.

Нэгдсэн хуралдааныг “Өсвөрийн парламент – 2022”-ын дарга О.Тэмүүлэн даргалан явуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга А.Тэлмэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Н.Есүй, Төсөв, эдийн засгийн байнгын хорооны дарга Г.Бөртэ нар өөрсдийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Байнгын хороодын хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гарсан саналыг нэгтгэн Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээр болсон юм. Нэгдсэн хуралдаанаас гарсан саналыг Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэгт гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ