Д.Сумъяабазар: Ном бол өнгөрснийг нэхэн сануулдаг, ирээдүйг чиглүүлж байдаг зүйл

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой Үндэсний номын баяр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ өдгөө 33 дахь удаагаа болж буй. Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Номын соёлт ертөнц" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувд нар оролцож үг хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Ном бол өнгөрснийг нэхэн сануулдаг, ирээдүйг чиглүүлж байдаг зүйл билээ. Тиймээс ч монголчууд үүх түүхээ ном болгон үлдээж үр хойчдоо уламжилж ирсэн нандин уламжлалтай. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар жилд хоёр удаа зохион байгуулдаг Үндэсний номын баяр улаанбаатарчуудын хүсэн хүлээдэг, чухал үйл явдлуудын нэг. Эрдэмт мэргэд, үгийн урлаач зохиолчдоос эхлээд хүүхэд залуус бүгд цуглан уулздаг энэхүү арга хэмжээ эхэлж байгаад баяртай байна хэмээлээ.

Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчныг илүү өргөн хүрээнд хөхиүлэн дэмжих, хөгжүүлэх зорилгоор олгодог “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг номын баярын нээлтээр өсвөр үеийн дөрвөн уншигчид гардуулсан юм.

“Илүү их уншъя” уриан дор болж буй Үндэсний номын баяраар олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, номын фенүүдийн уулзалт, “Номын баяр – бидний аялал” автобустай аялал, асуулт хариултын тэмцээн, орон нутагт ном хандивлах аян, яруу найргийн уншлага болно. Түүнчлэн номын баярын судалгаанд оролцож, “Онцлох номууд”, “Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалт”, “Зүрхээ уншуулаарай” зэрэг хөтчөөс мэдээлэл авч, Номын хавчуурганы үзэсгэлэнг үзэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ