Үндэсний номын баяр төв талбайд эхэллээ

УИХ-ын даргын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр Улаанбаатар хотноо жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. 

Үндэсний номын баярын нэгдсэн үйл ажиллагаа гурван өдрийн турш оройн 22 цаг хүртэл үргэлжилнэ. 

Номын баяраар олон сонирхолтой хөтөлбөрийг уншигчдад хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, Номын фенүүдийн уулзалт, Зурагт номын тухай ойлголтоо тэлье, ЕБС-ийн сурагчдын “Номын баяр-бидний аялал” автобустай аяллын хөтөлбөр, Book networking, Quiz, Уншигч зохиолчийн яриа, “Орон нутагтаа ном хандивлая” аян, “Уншиж чадвал урамшуулъя”, “Хаврын найраг”, “Дэлхий” хамтлагийн тоглолт, “Номын ертөнц” клубийн сурагчдын цүнхтэй ном үзүүлбэр зэрэг оролцогчдод зориулсан гэнэтийн бэлэг хүлээж байгаагийн сацуу Номын баярын судалгаа, Онцлох номууд, “Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалт”, “Зүрхээ уншуулаарай” хөтөч мэдээлэл, Үндэсний номын баярын санаачлагч Б.Сувдын цуглуулга “Номын хавчуурганы үзэсгэлэн” болон зохион байгуулагч хүүхдүүдийн үйл ажиллагаа олны анхаарлыг татах хүлээлттэй байна.

Мөн баярын үеэр Говьсүмбэр аймгийн төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлж, орон нутгаас номын баяраа зорин ирж буй зохиолч, хэвлэн нийтлэгчид өөрсдийн үзүүлбэр, таниулгатайгаа оролцох бөгөөд номын клубийн сурагчид орон нутгаас номын баярынхаа зохион байгуулалтын багт ажиллахаар зорин иржээ.

Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт оролцохоор 50 гаруй зохиогч, хэвлэн нийтлэгч шинээр нэмэгдсэн байна. Номын баярыг дунджаар 180 мянган хүн зорин ирдэг бөгөөд МОНЦАМЭ агентлаг албан ёсны хэвлэлийн түншээр ажиллаж, олон улсад англи, орос, хятад, япон болон үндэсний монгол бичгээр тус тус мэдээ, мэдээлэл түгээдэг. Номын баяр бүрээр 50 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол мэдээлэл бэлтгэн ажилладаг. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ