Улаанбуудайн тариалалт 20 орчим хувьтай байна
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд 72.2 мянган га талбайд үр тариа, үүнээс 71.8 мянган га-д улаанбуудай тариалаад байгаа аж. Ингэснээр үр тарианы тариалалт 18.4 хувьтай, улаанбуудайн тариалалт 19.5 хувьтай явагдаж байна. Энэ онд нийт 393 мянган га талбайд үр тариа, үүнээс 369 мянган га-д улаанбуудай тариалахаар төлөвлөжээ.
Харин 19.8 мянган га талбайд төмс, 12.2 мянган га талбайд хүнсний ногоо тариалах зорилт тавиад байгаагаас одоогоор 1.8 мянган га-д төмс, 874 га-д хүнсний ногоо тариалаад байна. Төмсний тариалалт 10.5 хувьтай, хүнсний ногооны тариалалт 7.0 хувьтай явагдаж байгааг салбарын яам мэдээллээ.
Түүнчлэн энэ хавар 70 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөснөөс малын тэжээлийг гүйцэд, 5.7 мянган га-д тосны ургамал тариалаад байгаа аж. Мөн 351 мянган га талбайд уринш боловсруулж бэлтгэх зорилт тавиад байгаа юм.
Монгол Улс 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо 100 хувь хангах зорилт дэвшүүлээд байгаа юм. Дотоодын бараа, бүтээгдэхүүнээс инфляцад хамгийн их нөлөө үзүүлж буй бүтээгдэхүүнд гурил, гурилан бүтээгдэхүүн багтаад байна.
Үүнээс гадна Монгол Улсын хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан гурилын хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд гурилын нөөц бүрдүүлэх зориулалтаар олгосон 28.7 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн Засгийн газар хариуцан төлөх тавдугаар сарын хүүгийн төлбөрийг төлснийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ