С.Бямбацогт: ИНЕГ-ын зардлаар сурсан хүмүүсийн нэрийг зарлана
Боловсролын зээлийн сангаас гаднын шилдэг их сургуульд тэнцсэн суралцагчдад олгодог зээлийг улстөрчид тэдний хамаарлууд болон мэдээлэлд ойр албан тушаалтнууд танил талаараа хуваарилсан асуудал нийгмийн анхааралд ороод буй. Үүнтэй зэрэгцэн манай сайт Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар сурсан албан тушаалтныг зарлахыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод хаяглан бичсэн билээ.
Тэгвэл уг асуудалд С.Бямбацогт сайд хариулт өгсөн бөгөөд тэрээр ИНЕГ-ын зардлаар сурсан хүмүүсийн нэрийг баасан гаригт зарлана гэдгээ мэдэгдлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Манай салбарт харьяалагддаг зам тээвэр, иргэний нисэхийн боловсон хүчнээ тодорхой хэмжээгээр бэлтгэдэг. Энэ бол Монгол Улсын зам тээврийн салбарт зайлшгүй бэлдэх ёстой ажил. Илүү онцлогтой салбар учраас залгамж халаагаа тасралтгүй бэлдэх шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой гэрээ хийж боловсон хүчнээ гадаадын их, дээд сургуульд бэлдэх асуудал үеийн үед хийж ирсэн юм байна лээ.
ИНЕГ-ын хувьд 2005-2022оны хүртэл 28 сая ам.долларын сургалтын тэтгэлгийг нийт 375 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор олгосон. Энд мэргэжилтэй албан хаагч болон тэдний хамааралтай хүмүүс багтсан байгаа юм байна лээ. Эндээс дийлэнх нь салбартаа ажиллаж байна. Онгоцны нисгэгч, нислэгийн удирдлагч, техник, засварын мэргэжилтэн зэргээр ажиллаж байна. Гэхдээ тэдэн дунд ашиг сонирхлын зөрчил, албан тушаал нөлөө, сонирхлын байдлаа ашигласан хүмүүс байж болзошгүй байна. Тиймээс ИНЕГ-ыг зардлаар сурсан хүмүүсийн нэрийг баасан гаригт танилцуулъя. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, салбартаа ажиллаж байгаа хүмүүсийг буруутгах шалтгаан байхгүй. Харин сурчихаад ажлаа хийгээгүй, эрх ашиг албан тушаалын байдлаараа хамааралдаа аваад өгсөн бол асуудал ярьж болно. Тиймээс нийгэм маань, сэтгүүлчид маань ялгаж салгаж хандахыг хүсье" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ