“ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЗУРГААДУГААР БҮЛЭГ БА НҮҮРСТӨРӨГЧИЙГ ҮНЭЛЭХ МЕХАНИЗМ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

 

Уулзалт нь төрийн байгууллагуудад нүүрстөрөгчийн зах зээлийн өртгийг тооцож үнэлэх, олон улсын нүүрстөрөгчийн бууралтын кредитийг арилжаалах зах зээл зэргийн талаар мэдлэг, мэдээллээ хуваалцаж, Монгол Улсад тохирох зах зээлийн хэрэгсэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой.

Зөвлөлдөх уулзалтаар:

• Нүүрстөрөгчийн эдийн засгийн өртөг, зах зээлийн үнэлгээний талаар ойлголт,

• Нүүрстөрөгчийг үнэлэх арга замууд, зорилго,

• Дэлхийн болон бүсийн түвшинд нүүрстөрөгчийн үнэлгээг хэрхэн нэвтрүүлж байгаа,

• Нүүрстөрөгчийг үнэлэх арга замыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх боломж, тулгарах сорилт зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцэнэ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нүүрстөрөгчид үнэ тогтоох, бохир түлшинд татаас олгохыг зогсоох, татварыг орлого олох зорилгоор бус, нүүрстөрөгчийн бохирдлыг бууруулахад чиглүүлж, хүн бүрд биш бохирдуулагчдад ногдуулах зарчим баримтлахыг улс орнуудад уриалаад байна.

Монгол Улсын хувьд нүүрстөрөгчийг үнэ цэнтэй болгож арилжаа, солилцооны хэрэгсэл байдлаар ашиглах нь харьцангуй шинэ, эрх зүйн зохицуулалт бараг байхгүй гэж болно. Үнэ тогтоох хэрэгслийг зах зээлийн механизм ашиглан эхний ээлжинд ойн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зөвхөн салбарын яам бус, эдийн засаг, хөгжил, санхүү, гадаад харилцаа зэрэг бүх салбарын бодлого, үйл ажиллагаанд тусгалаа олж, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай гэж үздэг юм.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны төв, “Ололт” Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ