“Улаанбаатар" олон улсын яруу найргийн форум болж, өндөрлөлөө
Олон улсад Монголын уран зохиолыг таниулах, үндэсний утга зохиолоор дамжуулан эх орноо сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Улаанбаатар" олон улсын яруу найргийн форумыг тавдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү форумд есөн улсын 11 яруу найрагч, хэвлэн нийтлэлч, Монголын 200 гаруй яруу найрагч, зохиолч, орчуулагч, судлаач, орон нутгийн төлөөлөл оролцжээ.
Түүнчлэн "Өнөө үе ба яруу найраг” хэлэлцүүлэг, “Уран зохиолын хамтын ажиллагаа” орчуулгын семинар, “Олон хэлний найрсал” яруу найргийн уншлагыг амжилттай зохион байгуулан, харилцан туршлага судалсан байна. Хэлэлцүүлгийн үеэр франц хэлээр Парист хэвлэсэн “Жентаюу”, хятад хэлээр хэвлэсэн “Монголын яруу найраг”, казах хэлээр хэвлэсэн “Монголын яруу найраг” зэрэг антологиуд танилцуулж, Испанийн Мадрид хотод Монгол-Испанийн яруу найргийн антологи 2024 онд хэвлэгдэх санамж бичигт талууд гарын үсэг зуржээ.
Олон улсын яруу найргийн форумын үеэр Монголын болон олон улсын яруу найрагчдын 38 шүлэг, яруу найргийг харилцан орчуулжээ. Мөн Монголын утга зохиолыг гадаадын улс орнуудад орчуулан хүргэх, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монголчуудад шинээр таниулахад нэн тэргүүнд утга зохиолын мэргэжлийн орчуулагч, мэргэжлийн судлаачдыг үе шаттайгаар бэлтгэх шаардлага байгааг онцоллоо. Цаашид мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд бодлогоор дэмжиж, зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийг Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд түгээн дэлгэрүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатайг мөн онцолсон байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ