Хууль бусаар 50 кг дэрвэгэр жиргэрүү түүсэн иргэнийг 28 сая төгрөгөөр торгох ял оноолоо
Прокурор хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн иргэн Э.Б-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэхдээ байгаль экологид учруулсан хохирлыг буруу тооцон, үндэслэлгүй шийдвэр гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл бичиж зөвтгүүлжээ.
Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээс Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 50 кг, 500 грамм ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэн, автомашинаар тээвэрлэж, байгаль экологид 5 сая 701 мянга 450 төгрөгийн хохирол учруулсан иргэн Э.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, түүнийг “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болон байгаль экологид учруулсан 5 сая 701 мянга 450 төгрөгийн хохирлыг улсын орлого болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Тус аймгийн прокурорын газраас иргэн Э.Б-ын байгаль экологид учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу 5 дахин нэмэгдүүлж гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Э.Б-ээс 28 сая 507 мянга 250 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ