У.Хүрэлсүх: Хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг үе шаттай ахиулж стратегийн түвшинд хүргэх талаар ярилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронтой албан ёсны хэлэлцээ хийлээ.  Албан ёсны хэлэлцээ өндөр үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Монгол Улс, Франц Улсыг гуравдагч хөрш, Европ дэхь итгэлт түнш гэж үздэг бөгөөд манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосон. Манай хоёр улсын түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зуунаас эхлэлтэй, Франц Улс, Монгол Улсыг НҮБ-т элсэх өргөдөл гаргаж, тууштай дэмжиж Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1990 онд болсон ардчилсан хувьсгалыг бүх талаар дэмжиж байсан. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Францын талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны, түүхэн айлчлал болж буй нь онцлог.  

Бид албан ёсны хэлэлцээний үеэр Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож дэлхий нийтийн энх тайваны төлөө хамтын хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийллээ. Мөн хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг үе шаттай ахиулж стратегийн түвшинд хүргэх талаар ярилцлаа. Монгол Улс Европын холбоотой байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа эдийн засгийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилт юм гэдгийг нотоллоо. Бид уулзалт хэлэлцээний үеэр Францын хөрөнгө оруулалт, хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотлохын зэрэгцээ гадна хөдөө, аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, гадаад харилцаа, харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тохирлоо. Уур амьсгалын Францын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Монгол Улсын Үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хэмжээний хөдөлгөөнийг Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Ойн дээд хэмжээний уулзалт"-аас гаргасан санаачилгатай уялдуулан хамтран ажиллахаар боллоо. "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" зорилтын хүрээнд экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж, ахуй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж эрчимжсэн мал аж ахуй, хүнс, биотехнологийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж, шинэ технологи, ноу хауг нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо. Энэ оны аравдугаар сард Францад болох "Чингис хаан, монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв" үзэсгэлэнг гаргахад Францын Засгийн газрын дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ. 

Бид олон улсын харилцаа олон талт хамтын ажиллагаа,  хүний эрх, ардчилсан засаглалд тулгуурласан хөгжил, гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, терроризмтэй тэмцэх зэрэг үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд боллоо. 

Хүний төрөлхтөний спортын их наадам "Парис 2024" наадмыг эх орондоо хүлээн авах Франц улсад баяр хүргэж амжилт хүслээ. Энэхүү айлчлал, яриа хэлэлцээ, харилцан тохирсон асуудлуудаар гаргаж буй "Монгол, Францын хамтарсан тунхаглал" нь манай хоёр улсын цаашдын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон гэж үзэж байна" гэлээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ