Cураггүй алга болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 19 ны өдөр Өмнөговь аймаг болон Завхан аймагт хоёр иргэн сураггүй алга болсон талаар ОБЕГ мэдээллээ. Тодруулбал,  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Гоёот гэдэг газар тавдугаар сарын 18-ны 18:00 цагийн орчимд малчин Г нь малаа хариулахаар гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ. Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Г /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 05.19-ний өдрийн 00:46 цагт гэрээс нь баруун зүгт 4 км-т “Цагаан-Эрэг” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Харин Завхан аймагт сураггүй алга болсон иргэнийг нарийвчилбал, Завхан аймгийн Дөрвөлжин сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан хоёр автомашин өчигдөр 22:00 цагийн орчимд замдаа түр зогсжээ. Энэ үед иргэн Д нь сураггүй алга болсон аж. Иймд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /38 настай, эрэгтэй/-ийг 05.19-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 05:41 цагт “Доной” нисэх буудлын гаднаас эсэн мэнд олж эхнэрт нь хүлээлгэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ